Авилгатай тэмцэх сонирхолтой байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Авилгатай тэмцэх сонирхолтой байна уу?

Авлигатай хатуу тэмцэх хэрэгтэйг хангалттай ярьсан ч өнөөдөр гарт баригдаж, нүдэнд харагдахуйц зүйл алга. Иргэний хөдөлгөөнүүдээс ч нэр бүхий хүмүүсийг “Авлигач” гэж зар­ласан ч тусыг олсонгүй. Үнэхээр авлига авсан этгээдүүд байлаа гэхэд тэдэнтэй хариуцлага тооцсон нь тоо­той. Хариуцлагаа хүлээсэн тоотой хүмүүс гэхээр бага албан тушаалтнууд л байх. За яахав, өндөр албан тушаалт­наас цорын ганц нь Х.Баатарт хорих ял оноосон. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нар Авлигатай тэмцэх газарт өчигдөр ажиллахад ч энэ л асуудал сөхөгдөв.

Гишүүд Авлигатай тэмцэх газрын ажилтай  танилцахад нөгөө л хууль, эрх зүйн орчин муу байна гэх улиг болсон яриа үргэлжлэв. АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн хэлсэнчлэн авлигатай тэмцэхэд улс төрийн дэмж­лэг хангалтгүй хэвээрээ л байна. Энэ бол бодит байдал. 

Харин манай улстөрчид  бол бүгд л авлигыг үгүй хийе гэж бие биеэсээ илүү чанга дуугарахыг чар­майдаг.

2005 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхсайхан “Авлигач­дыг цээрлүүлнэ” гэсэн уриа дэвшүүлж байсныг санаж байгаа болов уу. Гэсэн ч тухайн үеийн сонголт цээрлүүлэхийг хүсэгчийг бус авлигач гэгдэг хүнийг сонгосон. Тэгвэл монголчуудад үнэ­хээр авлигаас ангижрах сонирхол байна уу. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, шийдсэн хэргийг харахад иргэдийн итгэл тавьсан хэмжээний хаана нь ч хүрдэггүй.  “Авлигач” гээд буй эрхмүүд хэдэн жилээр тэр “гуншин­гаа” үүрсээр яваа хэнтэй нь ч хариуцлага тооцсонгүй. Үгүй дээ, мөнөөх эрхмүүд нэр төрөө сэргээл­гэнэ, адаглаад надад идсэн, шамшиг­дуулсан хэрэг байхгүй хэмээн ганц удаа гав хийсэнгүй.  

Энэ бүх асуудлын хариулт тус газарт бус өнөөгийн авлигын эсрэг үйлчилж буй хууль тогтоомжид байна гэдгийг дээрх нэр бүхий гишүүд ч хэлж байна.

Хэрэв иргэд гомдол гаргахгүй л бол хэн ч, хэчнээн хэмжээний мөнгө авсан ч байлаа орлого гээд хээв нэг Хөрөнгө орлогынхоо мэдүүлэг ХОМ-т тусгаж болно. Авлигын эсрэг хуульд заа­санчлан түүнийг нь нэгтгээд олон нийтэд мэдээлэхээс бус хаанаас олсон, хэнээс авсан гэдгийг нь шалгах эрх Авлигатай тэмцэх газарт алга.

Үүнээс урган бас нэг асуулт гарч ирнэ. ХОМ-т байгаа орлого гэсэн хэсэгт юуг бичих вэ гэж. Энгийнээр яривал  орлогын албан татвар төлсөн байх ёстой. Чингэж гэмээнэ жинхэнэ утгаараа орлого болно. Харин ХОМ-ийн хүснэгтэд татвар төлсөн эсэхийг лавласан асуулт тусгаагүй. Тэгээд ч татварынхантай нийлээд ХОМ бүрийг тулгана гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Ингэхээр орлогоо, авсан мөнгөтэй нийлүүлээд мэдүүлж байгаа эсэх, мэдүүлснийг хянах боломж байхгүйтэй адил гэж ойлгож болно. Ингэсний тод жишээ нь гэвэл сүүлийн үед хил, гааль, мэргэжлийн хяналт, татварын албанд орж буй хүмүүс эхнээсээ байхгүй мөнгөө бичдэг болсон нь нууц биш. Ирээдүйд авлигаас олох мөнгөө баригдуулахгүйн үүднээс байхгүй мөнгийг бий болгож байгаа нь тэр. Учир нь хожим түүнийг шалгахгүй шүү дээ.

Нөгөөтэйгүүр одоогийн төрийн тусгай албаны жолооч, тамирчин, жүжигчин гэх мэт хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг. Тэд авлига авах албан тушаал хүн мөн үү, биш үү гэдгийг ч бодох л асуудал. Гэтэл авлигад хамгийн их өртөх магадлал бүхий тендер шалгаруулах комиссын гишүүдээс Хөрөнгө орлогын мэдүүлэг огт авдаггүй нь хачирхалтай.

Авлигатай эсрэг хуульд тусгаг­даагүй бас нэгэн зүйл нь ашиг сонирх­лын зөрчил. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд тусгаагүйгээр бид авли­гатай тэмцэх тухай яриад ч хэрэггүй. Тийм гэдгийг өнөөгийн тендерийн асуудал тодоос тод гэрчилдэг. Улсын төсвөөр хийх ажлын гүйцэтгэгчийг ах, дүү, ойр дотны хүмүүсийнхээ ком­паниар гүйцэтгүүлсэн тохиолдол ч цөөнгүй. Эсвэл огт шаардлага хан­гахгүй компанийг гүйцэтгэгчээр сонго­сон тохиолдол өнгөрсөн зуны зам засварын ажлын үеэр ч гарч л байсан.

Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг асуудал нь Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн, хугацаандаа мэдүүлээгүй хүмүүст тооцож буй хариуцлага. Авлигатай тэмцэх газраас зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцохыг шаардсан нийт албан бичгийн 100 хувьд хариуцлага тооцдог тухай тоо байна. Гэхдээ тэдгээрийг харахад хангалттай хариуцлага тооцож байна уу гэвэл үгүй. Өнгөрсөн жил Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлэхэд хотын дарга Г.Мөнхбаяр цалингийнх нь 20 хувийг хасах төдийх­нөөр л арга хэмжээ авсан. Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав ч ялгаагүй. Хангалттай хариуцлагыг доод шатны хүмүүст л тооцож чадаж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн хамгаалалгүй хүмүүс.

Тиймээс энэ бүхнийг цэглэхийн тулд хууль, эрх зүйн орчныг сайж­руулахаас гадна Авлигатай тэмцэх газрын шаардлагыг хүлээн зөвшөөрөх улс төрийн дэмжлэг үгүйлэгдэж байна. 

Асуудал ийм л байна.

Л.ХАЛИУ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж