Өврөөсөө өрлүүлсэн МАХН-ын бага хурал

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Өврөөсөө өрлүүлсэн МАХН-ын бага хурал

МАХН-ын Бага ху­рал өнөөдөр болно. Намын удирдлагууд, ерөнхий нарийн бичгийн дарга нарын хийж байгаа албан ёсны мэдээллээр бол намын бага хурлаар МАХН-ын мөрийн хөтөл­бөрийн биелэлт, намын гишүү­дийн сахилга бат зэрэг асуудлыг авч хэлэлцэх ёстой. Мөн жи­гүүрийнхний зүгээс ойрын хуга­цаанд хуралдуулахыг шахаад байгаа намын Их хурлыг товыг зарлах ёстой.

Гэвч өнгөрсөн өдрүүдэд болж байгаа үйл явцыг харвал эрх баригч намын Бага хурал нэлээд халуухан болох төлөвтэй байна.  МАХН-ын “Уламжлал шинэчлэл-ардчилал шударга ёс” жигүүрийн зохицуулагч Б.Бат­сайхан гэж нөхөр өчигдөр намынхаа төв байранд халамцуухан морилж, МАХН-ын Ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүүг ээрч хоргоож, заамдаж чирж байгаад явжээ. Тэр Ёс зүйн хорооныхныг “Намын дарга нарын гар хөл боллоо. Гишүүдийн тавьсан асуудлыг шийдвэрлэдэггүй” энэ тэр гэж харааж, баахан хэрүүл өдөж байгаад гарсан сурагтай байна. Хэрвээ Н.Цагаанхүү нь түүний гарыг хариулсан бол мэдээж өнөөдөр болох намын бага хурал дээр жигүүрийнхэн дахиад нэг асуудал босгох зорилготой байсан биз. Дахиад нэг гэхийн учир нь “Уламжлал шинэчлэл-ардчилал шударга ёс” жигүүрийнхэн эхнийхээ асууд­лыг аль хэдийнэ босгочихоод байгаа.

Шөнөжингөө хуралдсан гэх жигүүрийн­хэн өчигдөр намынхаа Удир­дах зөвлөл болон на­мын даргадаа хандсан мэ­дэг­дэл гаргаж, хэвлэ­лийн­хэнд та­раа­сан. Мэдэг­дэл­дээ МАХН-ын дүрмийн да­гуу намын дарга нь Ерөн­хий сайд байх ёстой тул намын дарга С.Баяр ажлаа хүлээлгэж өгөхийг, мөн түүнчлэн намын гишүү­дийн зүгээс тавьсан шударга шүүмжлэлийг уландаа гиш­гэж байгаа Удирдах зөвлө­лийг тарааж шинээр бай­гуулахыг шаардсан байгаа.

МАХН-ын даргын асууд­лыг намын бага хурал шийд­вэрлэх эрхгүй, намын Их хурлаар шийдвэрлэх ёстой, Удирдах зөвлөл ч мөн адил намын их хурлаас их хурлын хооронд ажил­луу­лахаар на­мын бага хур­лаас байгуул­даг. Өөрөөр хэлбэл одоо ажиллаж бай­гаа намын удир­дах зөвлөл нь намын дарга С.Баярын томилсон хүмүүс/харин Н.Энхбаярын талаас на­мын нарийн бичгийн дарга У.Барсболд, н.Амарсанаа, Нийгэм хамгаалал, хөдө­л­мөрийн сайд Т.Ганди нарыг нэрлэж болох юм/ тул Удир­­дах зөвлөлийг огцруу­лах­гүйгээр С.Баярыг хө­дөлгөж чадахгүй гэсэн үг. Сүүлийн үед МАХН-ын до­тоодод болж буй хагарал тэмцэлд экс Ерөн­хий­лөг­чийн гар дүрээ­тэй яваа тухай хүн бүрийн л амнаас унах болсон тул энэ талаар илүүг нурших хэрэггүй биз. Харин намын даргадаа шаард­лага тавиад байгаа жигүүрийнхэн ч дотроо тийм их түнжинтэй биш байгаа бололтой.  “Уламж­лал шинэч­лэл-ардчилал шударга ёс” жигүүрийг анх байгуулсан Ө.Энхтүвшин гишүүн лав сүүлийн үед жигүүрийн нэ­рээр хийгдэж байгаа асууд­луудад ямар нэг оролцоогүй гэдгээ хэлж байна. Өчигдөр  гар­га­сан жигүүрийн мэдэг­дэл гээч зүйл ч бас одоог хүртэл намын удирд­лагад албан ёсоор очоогүй, тэр байтугай тамга тэмдэг ч зурагдаагүй байгаа юм бай­на. Учир нь ямарваа нэг асуудлаар жигүүрийнхэн шийдвэр гар­гахын тулд Ерөн­хий чуул­ганы 108 гишүүн хуралдаж шийд­вэр гаргах ёстой аж. Харин сүүлийн үед жигүү­рийн нэрээр тавиад байгаа удаа дараагийн шаардлага, мэ­дэгд­лүүд жигүүрт ха­рь­яа­лагд­­даг 20 гаруйхан хүний л байр суурь гэдгийг үүсгэн байгуулагчдын зү­гээс хэлж байна. Энд нь дээр нэр дурьдагдсан Б.Бат­суурь, НХХЯ-ны дэр­гэдэх Мэргэж­лээс шалт­гаалах өвчин суд­лалын төвийн даргаар ажиллаж байгаад халагдсан Б.Туяа, МАХН-ын Ёс зүйн хорооны дарга асан Н.Удвал, Сон­ги­но­хойрхон дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга асан Б.Бямбасүрэн, УИХ-ын ги­шүүн асан М.Далайхүү, жигүүрийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар лав орж байгаа юм байна.

Нэгэнт МАХН-ын Удир­дах зөвлөл жигүүрийн шаард­лагыг албан ёсоор хүлээж аваагүй байгаа тул намын бага хурлаар тэдний тавьсан асуудал хэлэл­цэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Харин жигүүрийн нэрээр улс төр хийгээд байгаа цөөн тооны нөхдөд эргүүлээд сахилга хариуц­лагын асуу­дал яригдаж магадгүй гэдгийг ч эх сурвал­жууд өгүүлж бай­на. Өн­өөдөр хуралдсан Удир­дах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг сөхөж ярьсан сураг­тай.

Харин экс Ерөн­хий­лөг­чийн хувьд 2009 оны сон­гуульд ялагдал хүлээс­нээ­сээ хойш багагүй хугацаа өнгөрөөж байж намынхаа батлахыг эргүүлж авсан, намын Бага хурлын гишүү­нээр дахин сонгогдоогүй тул  хуралд оролцох, ямар нэг асуудал босгож ирэх бо­ломжгүй гэсэн үг. Тиймээс түүний хэлэх үгийг өмнөөс нь хэн нэгэн л уламжилж таарах нь. Тэр нь магадгүй “Уламж­лал шинэчлэл-ард­чилал шу­дар­га ёс” жигүү­рийн ахлаг­чаар сонгогдоод удаагүй байгаа УИХ-ын гишүүн Ц.Да­ваа­с­үрэн, Ш.Сай­хан­самбуу, эсвэл Ёс зүйн хороо­ны дарга асан Н.Уд­вал ч байх биз. Экс Ерөн­хийлөгчийн хувьд на­мын бага хурал дотроос жигүү­рийхнээр, гад­наас нь ҮШН-ын М.Энх­сайхан, “Ам­лалтаа нэхэн ард түмний холбоо”-ны Г.Уянга нараар хөл хийн намынхаа даргын эсрэг заргалдаж бай­гаа. Гуравхан хоногийн өмнө Сүхбаатарын талбайд эхэл­сэн УИХ-ыг тараах тухай суулт, үүнийг дэмжиж өчиг­дөр ҮШН-аас зохион бай­гуул­сан хэвлэ­лийн бага ху­рал гээд Монголын улс төрд маш богино хугацаанд шил шилээ даран гарч ирж байгаа ээл­жит “шоглоом”-уудыг мань хүнтэй холбох болсон. Олон сар өдрийн өмнөөс эхэлсэн ч хэн ч баталж нотлоогүй орхисон байсан энэ зүйлд МАХН-ын дарга С.Баярын өчигдөр­ сонинд өгсөн ярилц­лага бүрэн дүүрэн хариулт өгсөн гэж болно. Ярилцлага бүтсэн технологи нь тийм ч сонирхолтой биш ч гэлээ С.Баяр даргын хэлсэн үг хоёрхон зүйлд чиглэсэн байсан нь өчигдөр болох МАХН-ын бага хурлын ги­шүүд болоод нэг үе найз нөхөд явснаа одоо бараг “дайсан” бол­чи­хоод байгаа нэг хүнд чиглэсэн байна лээ. Тэр Н.Энхбаярын ту­хай У.Чер­чел­лийн “Нэг ийм найз байхад тийм олон дайсны хэрэггүй дээ” гэсэн үгийг иш татсан нь санам­саргүй зүйл биш. Ялангуяа улс төрд ирэх, байх, буца­хын тухай өөрийн барим­талдаг зарчмаа ярих­даа “одоо Н.Энхбаяр бид хоёрын л буцах цаг болсон юм шиг байна” гэсэн нь цаад утгаараа “Би намын даргаа өгдөг байлаа гэхэд Н.Энх­баярт лав биш” гэсэн аястай сонсогдож байна. Харин одоо МАХН-ын бага хурлаас гарах шийдвэрийг л хүлээх үлдлээ.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж