Кастер Семенья хөнгөн атлетикт эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Кастер Семенья хөнгөн атлетикт эргэн ирлээ

Өмнөд Африкийн хөнгөн атлетикч Кастер Семенья уралдааны талбарт эргэн ирлээ. Тэрбээр Испанийн Зарагоза хотноо зургадугаар сарын 24-нд болох уулзалт тэмцээнд оролцох болсноо мэдэгдсэн байна. Өнгөрсөн жил Берлин хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн төрөлд аваргалсан 19 настай Семеньягийн хүйсийн талаар шуугиан дэгдэж, улмаар дэлхийн аваргаас хойш дахин уралдааны талбарт гараагүй юм. Эр хүйстэнд ялагдлаа гэсэн бусад тамирчдын гомдлын улмаас IAAF буюу олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Семеньяг хүйсийн шалгалт өгөхийг шаардаж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шинжилгээний хариу гарсан боловч өдгөө хэр нь энэ хэрэг бүрэн шийдэгдээгүй гэдгийг IAAF мэдэгдээд байна. Гэвч энэ бүх дуулиан шуугиан,  элдэв асуудлыг үл тоомсорлон Кастер Семенья эргэн ирэхээр шийджээ. Тэрбээр “Би дасгалжуулагч, менежертэйгээ ярилцсаны эцэст Испанийн Зарагоза хотод зургадугаар сарын 24-нд болох Европын хөнгөн атлетикийн холбооны уулзалт тэмцээнд оролцох шийдвэр гаргалаа. Эмнэлгийн болоод хууль зүйн талаас эмэгтэйчүүдийн уралдаан тэмцээнд оролцоход надад саад гарахгүй гэдэгт бат итгэлтэй байна” гэжээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж