“Таван цагариг”-ийн нэрэмжит уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

“Таван цагариг”-ийн нэрэмжит уралдаан болно

Монголд
спортын сэдвээр тогтвортой, өргөн мэдээлэл өгч байдаг, спорт
сонирхогчдын хамгийн эрэлт ихтэй сонин хэмээн олон түмэнд хүлээн
зөвшөөрөгдсөн “Таван цагариг” сонин энэ сарын 22-нд 15 нас хүрэх юм.
Спортын төрөлжсөн мэдээллийн “Таван цагариг” сонины хамт олны 15 жилийн
ойд зориулсан автомашины уралдааныг Монголын авто машин, мотоциклийн
спортын холбооноос ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болсон
байна.
Тус уралдааныг 2001
оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд сүүлийн дөрвөн
жил завсарласныг энэ жилээс дахин сэргээхээр болжээ. Монголын авто
машин мотоциклийн спортын холбоо /МАММСХ/, “Таван цагариг” сонины хамт
олон болон Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Техник спортын төвтэй
хамтран зохион байгуулах уралдаан дөрөвдүгээр сарын 10-нд
Буянт-Ухаагийн урд Төв аймгийн авто тээврийн товчооны орчим /хуучин
ардын армийн 107 дугаар ангийн автодром/-д болох юм. Уралдааны онцлог
нь өмнө нь дан ганц суудлын автомашин уралддаг байсан бол энэ удаа
суудлын автомашин, УАЗ 469 машин гэсэн хоёр төрлөөр уралдах нь ээ. Ирэх
баасан гаригт уралдааны техникийн зөвлөлгөөн болох ба энэ өдөр аль
төрөлд хэчнээн тамирчин оролцох нь тодорхой болно. Уралдааны ерөнхий
ивээн тэтгэгчээр “Таван богд моторс” компани ажиллаж байгаа юм байна.
Монголын
спортын сэтгүүлзүйд хүндтэй байр суурь эзэлдэг, спортын фронтын дайчид,
“Таван цагариг” сонины хамт олондоо дөхөж яваа ойн баярын мэнд хүргэж,
зохион байгуулах уралдаанд нь амжилт хүсье.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж