Лондон хотын Эмират цэнгэлдэхэд болсон эхний тоглолт 2:2 харьцаатай өндөрлөсөн болохоор цуврал тоглолтын нийлбэрээр “Барса” 6:3 харьцаатай ялалт байгуулж, Европын хөлбөмбөгийн холбооны 55 дахь удаагийн Аваргуудын лигийн хагас шигшээд Жозе Моуриньогийн “Интер Милан”-тай халз тулах болж байна.
Тоглолтын дараа “Арсенал”-ын дасгалжуулагч Арсень Венгер Мессигийн авьяасыг үнэлж, “Миний хувьд Месси бол дэлхийн хамгийн шилдэг тоглогч. Түүнийг талбайд байгаа цагт тоглолт маш аюултай болдог. Харин нэгэнт бөмбөг түүний мэдэлд ирсэн бол хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Бидний хувьд дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчийг эгнээндээ элсүүлсэн чадварлаг багт ялагдлаа гэж бодож байна” гэжээ.
Мөн шөвгийн дөрвийн эрхээ авсан “Интер Милан”-ы хувьд өнгөрсөн шөнө Москва хотын Лужники цэнгэлдэхэд зочилсон бөгөөд өрсөлдөгчөө 1:0-ээр хожсоноор нийлбэр дүнгээр 2:0 харьцаагаар ялалт байгуулсан юм. “ЦСКА Москва”-гийн хаалганд тоглолтын цорын ганц гоолыг оруулсан эзэн нь Голландын шигшээ багийн тоглогч Уэсли Снейдер байлаа. Снейдер тоглолтын зургаа дахь минутад багтаа тэргүүлэл авчирснаар “ЦСКА” түүхэндээ анх удаагаа Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарахын тулд гурван гоол оруулах зайлшгүй хэрэгтэй байв. Гэвч сэлгээгээр талбайд гарсан “ЦСКА”-гийн хамгаалагч Чиди Одиа тоглолтын хоёрдугаар хагас эхэлсний дараахан Самуэль Эту дээр алдаа гаргаж, хоёр дахь шар картаар торгуулснаар талбайг орхиж, харин орос ах нарын гурван гоол гэдэг биелэгдэшгүй даалгавар болж хувирсан. Энэ үеэс эхлэн “Интер” талбайд ноёрхож эхэлсэн боловч хаалгач Игорь Акинфеев Снейдер, Станкович, Диего Милито нарын хүчтэй довтолгоог гайхалтай хааж байлаа. Гэхдээ талбайд 10-уулаа үлдсэн “ЦСКА” ширүүн, аюултай довтолгоогоор өрсөлдөгчөө сандаргаж чадаагүй юм.
Тоглолтын дараа Моуриньо “Бидний төлөвлөгөө бол түрүүлж гоол оруулах явдал байсан. Миланд болсон эхний тоглолтод бид хаалга руу 10 довтолж байж ганц гоол оруулсан. Харин өнөөдөр анхны довтолгоогоороо гоол орууллаа. Үнэнийг хэлэхэд, сэтгэл хөдөлгөсөн тоглолт байгаагүй ч тоглолтын үнэ цэнэ нь хагас шигшээ шүү дээ. Москвад ердөө 500-хан Интерийн фанатууд байлаа. Харин бидний үүрэг бол шоу үзүүлэх биш, хагас шигшээд шалгарах явдал байсан, үүнийгээ ч биелүүлж чадлаа” гэжээ.
С.Цэлмэг