
нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн наймын шийдвэрлэх
тоглолтууд энэ үдэш болох билээ. Энэ жилийн Аваргуудын лигийг чимж буй
“Барселона” болон “Арсенал” нарын эхний тоглолт өнгөрөгч лхагва гаригт
Лондон хотын Эмират цэнгэлдэхэд болж, хоёр баг 2:2 харьцаатай эвийн
гэрээ байгуулсан. Харин энэ үдэш болох хариу тоглолтын өмнө багууд хэр
бэлтгэлтэй байгаа талаар мэдээлэл хүргэе.
Бараг л “хоосорчихоод” байгаа “Барса”-гийн бүрэлдэхүүнд испанийн хагас
хамгаалагч Андрес Иньеста эргэн ирсэн нь Пеп Гуордиалагийн сэтгэлийг
бага ч болов уужруулж байна. Нөлөө бүхий тоглогч Иньеста өнгөрөгч долоо
хоногт болсон тэнцээний тоглолтод өвдөгний шөрмөс нь сунасан учир
оролцоогүй боловч хариу тоглолтод оролцох Гуордиалагийн сонгосон 19
хүний тоонд багтжээ. Түүний талаар Пеп “Өнгөрсөн хэдэн хоногийн турш
Андрес сайн байгаа. Тоглолтын өмнөх өглөөний бэлтгэлд ямар байхаас
хамаарч тоглолтод оролцох эсэхийг нь шийднэ” гэжээ. Хэдийгээр Иньеста
гэмтлээс эргэн ирсэн нь таатай мэдээ боловч эхний тоглолтын хоёр гоолыг
оруулсан швед довтлогч Златан Ибрахимович бямба гаригт болсон лигийн
тоглолтын үеэр гэмтэл авч, улмаар энэ удаагийн халз тулааныг өнжихөд
хүрээд байна. Харин түүнийг орлож, залуу тоглогч Боян Кркич Лионель
Месси, экс-Арсенал Тьерри Анри нарын хамт довтолгоонд оролцоно.
Түүнчлэн багийн ахлагч, Карлос Пуйоль, хамгаалагч Жерард Пике, Дмитро
Чигринський нар гэмтэлтэй учир “Барса”-гийн галын шугамд мексик
хамгаалагч Рафаэль Маркес болон Аргентиний Габриэль Милито нар гарах
юм. Дээр нь баруун жигүүрийн хамгаалагч Даниэль Альвес, хагас
хамгаалагч Яаяа Туре нараас гадна нөөц тоглогчид болох Эндрью Фонтас,
Жонатан дос Сантос нар Пеп Гуордиалагийн сонгосон бүрэлдэхүүнд багтжээ.
Харин тэдний өрсөлдөгч Лондонгийн “Арсенал” клубын тухайд гэмтэлтэй
тоглогч дахин нэгээр нэмэгдсэн. Хагас хамгаалагч Алекс Сонг өвдгөндөө
гэмтэл авснаар багийн ахлагч Сеск Фабрегас, хамгаалагч Уильям Галлас,
довтлогч Андрей Аршавин нарын хамт үзэгчдийн суудалд шилжжээ. Камеруны
шигшээ багийн хагас хамгаалагч Сонг бямба гаригт Премьер лигийн
“Вулверхэмптон”-той хийсэн тоглолтод талбайд гарсан боловч гэмтлийн
улмаас удалгүй талбайг орхисон билээ. Харин энэ үдшийн чухал тоглолтод
Соль Кэмпбелл түүнийг орлох бололтой.