Турк улсын Стамбул хотноо болсон Олон улсын мэргэжлийн тогооч нарын тэмцээн буюу “International Gastronomy Festival” 8 дахь удаагийн манай орны мастер тогооч нар амжилттай оролцоод иржээ. Уг тэмцээнийг зохион байгуулагч Турк улс нь өөрийн үндэсний хоол хүнс , гал тогооны соёлыг бусад орны улсын мэргэжлийн мастер тогооч нар өөрсдийн ур чадвар, туршлагаа солилцоход хувь нэмэр оруулах үүднээс найм дахь удаагаа зохион байгуулж байгаа аж. Өнгөрсөн жилээс эхлэн уг тэмцээнийг Дэлхийн тогооч нарын холбоо олон улсын томоохон фестиваль хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд манай улсаас гурван мастер тогооч оролцсон байна. Загасны мах, хурганы мах, модерн буюу орчин үеийн гэсэн гурван төрөлд тогооч нар тус бүрдээ оролцож, мөн багаараа иж бүрдэл хоол (үндэсний хоол) , Мастеруудын багийн тэмцээн гэсэн 2 төрөлд өрсөлджээ. Загасны махан хоолны төрөлд мастер тогооч Д.Буяндэлгэр мөнгөн медаль, Ч.Санчир хүрэл медаль, Б.Дэлгэр тусгай байрын шагнал хүртсэн бол модерн хоол буюу орчин үеийн хоолний тэмцээний төрөлд Д.Буяндэлгэр, Б.Дэлгэр нар хүрэл медаль, Ч.Санчир тусгай байрт шалгарчээ. Монгол Улсаа төлөөлөн оролцсон мастер тогооч нар өнгөрсөн амралтын өдөр эх орондоо иржээ.
Д.Долгор