Германы “Хамбург” клубт хүчин зүтгэж буй Перугийн хөлбөмбөгч Пауло Гуэрреро тоглолтын үеэр хөгжөөн дэмжигч рүү усны сав шидсэн хэргээр их хэмжээний мөнгөн торгууль амсчээ. Гуэррерогийн хэлснээр тэрхүү хөгжөөн дэмжигч өөрөө зүй бус авир гаргаж, доог тохуу хийсэн гэнэ. Гэхдээ Гуэрреро даваа гаригт албан ёсоор уучлал гуйж, торгуульсан боловч Германы хөлбөмбөгийн холбооноос түүнд зохих сахилгын шийтгэл ногдуулах талаар ярилцаж байна. Уг хэрэг явдал бямба гаригийн орой “Хамбург”, “Ганновер” нарын тоглолтын үеэр болсон ба тоглолт 0:0 харьцаатай өндөрлөж, улмаар “Хамбург” ирэх улиралд Европын тавцанд өрсөлдөхөд хүнд болсон юм. Хэргийн талаар Гуэрреро “Миний бие үнэхээр тавгүй байсан. Намайг доромжилж, доог тохуу хийсэн болохоор өөрийгөө барьж дийлж чадаагүй. Гэхдээ үнэхээр харамсч байна. Тэр хүнтэй хувиараа уулзаж, уучлал хүсэх боломж гарна гэж найдаж байна. Би клубын удирдлагаас ч гэсэн уучлал гуйсан, ямар ч шийтгэл байсан би хүлээж авах болно. Би үнэхээр том алдаа гаргалаа” гэжээ. Гуэррерогийн үйлдлийг клубын захирал Бернд Хоффманн үнэхээр зохимжгүй, бүдүүлэг зан авир гэдгийг хэлээд, “Иймэрхүү зүйлийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Бидний зүгээс Паулод хүнд шийтгэл ногдуулсан” гэжээ. Торгуулийн мөнгөн дүнг олон нийтэд зарлаагүй боловч Хоффманны Германы хөлбөмбөгийн сэтгүүлд ярьснаар клубын түүхэнд урьд хожид байгаагүй их хэмжээний мөнгөн торгуулиар торгосон гэсэн байна.
С.Цэлмэг