Уран Хасын үлгэр амиллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Уран Хасын үлгэр амиллаа

Өнгөрсөн ням гаригт гайхам­шигтай бүжгэн жүжиг үзлээ. Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз­наа 1973 онд анх удаа тоглож байсан төрийн шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийг анх удаа үзсэн минь энэ. “Уран Хас” бүжгэн жүжгийн валь­сын хэсгийн хөгжмийг мэдэхгүй монгол хүн гэж байхгүй биз. 2008 онд Ж.Чулууны мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан түүний дүү, ардын жүжигчин, хөдөл­мөрийн баатар Б.Жамьяандагва тус театрт сэргээн шинэчилж тавьсан юм.
Шинэчилсэн хувилбараараа дахин тайзнаа тоглогдож буй бүжгэн жүжиг яг товлосон цагтаа эхэллээ. Хөшиг нээгдэхийн өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн, удир­даач Н.Туулайхүү гарч ирэхэд үнэхээр гоё, ямар ихэмсэг, сүрлэг харагдаж байв аа. Тэр хөгжим, аялгуу ямар гайхалтай вэ, сэтгэл минь догдолсоор. Хангайн нутаг, уулархаг хадан хясаануудаар чимэглэсэн тайзны баруун талд нэгэн гэр байв. Энэ гэрт уран гартай залуу Хас ээжийнхээ хамт амьдардаг. Уран Хас жигүүртэн мэт дүүлэн нисэх хүсэлдээ хөт­лөг­дөн шувууны далавч урлан хийж байгаагаар балетын нэг­дүгээр үзэгдэл эхэлнэ. Энэ балет нь хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй. Хас шувууны далавчаа урлаж байтал түүний хайрт бүсгүй Хан­дармаагийн хоёр найз бүсгүй ирж түүнийг юу хийж байгааг сонир­хоно. Төд удалгүй Хандармаа ч ирлээ.
Уран залуу Хас гурван бүс­гүйд далавчаа үзүүлж, шувуу мэт дүүлэн нисэх тухайгаа өгүүлсэнд бүсгүйчүүд үл итгэн, тэр ч бүү хэл доог тохуу хийж бүжиглэн наадна. Энэ үед Хас өөрийнхөө зөв гэд­гийг харуулахаар өндөр хадан дээрээс үсэрч, шувууны далавчаа дэвэн дэвсээр газарт бууна. Айж сандарсан Хандармаа Хасыг зүгээр байхыг хараад сэтгэл тайвширч, найзуудтайгаа хөөрөн бүжиглэнэ. Энэ бүжигт хүн бүхний мэдэх “Монгол Вальс” эгшиглэнэ. Үнэхээр гайхалтай. Тэнгэрт дү­ү­лэн нисэх мэт дээшээ хөөрөөд л… Анх удаа ийм сайхан вальс бүжиж байгааг харлаа. Симфони оркестр бүрэн төлөвшөөгүй, нэг хэсэг үндэсний найрал хөгжимд цөө­в­төр европ хөгжим хослуулсан оркестрын бүрэлдэхүүн байхад Ж.Чулуун агсан үндэсний ёочин, цохилуур хөгжмүүд, Европын хийл хөгжмийг нэгэн зэрэг тогло­дог байсан гэдэг. Энэ агуу зохиол­чийн “Уран хас” бүжгэн жүж­гийн аяз театрт суугаа үзэгчдийн сэтгэлийн хөөрлийг дээд цэгт хүргэсэн гэхэд болно.
Хас өөрийн урлаж буй ивээл, ивээлээрээ бүждэг 12 жил бүхий эрдэнийн цагаа найз нөхөд, ээж, хайрт бүсгүйдээ танилцууллаа. Энэ удаад Хас эхний зургаан жилийн багт үзүүлбэрийг үзүүлнэ. Эдгээр арван хоёр жилд Хөгжим бүжгийн Коллежийн сонгодог бүжгийн ангийн сурагчид оролцон тогложээ. Өхөөрдөм, хөөрхөн арванхоёр жил. Харин уран залуу Хасын дүрд Х.Мөнгөнхөлөг бүжиглэсэн бол түүний хайртай бүсгүй Хан­дармаагийн дүрд соёлын тэргүү­ний ажилтан Ч.Ганчимэг бүжиглэ­жээ. Харин Хандармаагийн найз хүүхний дүрд соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, театрын шинэ хун Б.Саруул бүжиглэсэн.
Орой бүрий болж нутгийн залуус таран явахад сэтгэлт хосууд хайр сэтгэлээ илэрхийлэн бүжиглэнэ. Энэ үед Хасын тухай сонссон хошуу ноён бараа бо­логс­дын хамт ирж түүний авьяасыг ашиглах зорилгоор зарлиг буулган Хүрээ рүү авч явна. Хасыг ээж, Хандармаа хоёр нь гаргаж өгсөөр бүжгэн жүжгийн нэгдүгээр үзэгдэл өндөрлөлөө.

Харанхуйлал. Хоёрдугаар үзэгдэл эхлэхэд уран залуу Хас ноёны урланд Хошуу ноёны даал­гасан бүтээлийг хийж байна. Хас ноёны даалгасан хүүхэлдэйг хийхийн хажуугаар өөрийг нь дээрэлхдэг хүрээний дэггүй банди нарыг айлгах Лүдийн багийг хий­гээд амжжээ. Дэггүй банди нар түүнийг дээрэлхэн шоглож байхад хошуу ноён Хасын урласан хоёр хүүхэлдэйг үзнэ. Хошуу ноён Хасын урласан хоёр хүүхэл­дэйнээс аргал түүж буй хүүхэл­дэйн үзүүлбэрийг таалж, Хасыг шагнаад, хүүхэлдэйгээ авч явна. Хошуу ноёны дүрд соёлын тэргүүний ажилтан Х.Чойжилсүрэн тогложээ.
Үүнийг харсан дэггүй нар Хасаас өгсөн шагналыг булаахаар санаархахад Хас өнөөх Лүдний багийг гаргаж дэггүй банди нарыг айлгана. Лүднээс үхтлээ айсан дэггүй банди нар хуурамч Лүд байсныг мэдээд Хасын араас хөөж, зодох гэнэ. Энэ үед Хасын найз нар ирж дэггүй банди нартай зодолдоно. Энэ зодооны хэсэг үнэхээр сонир­холтой. Яг л тухайн үеийн зодоо­ныг харуулна. Гэхдээ бүжгээр шүү дээ. Лүдийн дүрд соёлын тэр­гүүний ажилтан Д.Чин­бат тогло­сон байв. Харин дэггүй банди нар дундаа хамгийн дэггүй, тарган бандийн дүрд урлагийн гавьяат жүжигчин С.Отгонням тогложээ. Зодооны үед Хасын хайрт бүсгүй Хандармаа ирж, Хас ч найзуу­дынхаа хамт нутгаа зорь­соор хоёрдугаар үзэгдэл өндөр­лөлөө.
Гуравдугаар үзэгдэл эхлэхэд Хас, Хандармаа, найзуудынхаа хамт эх нутагтаа иржээ. Тэрбээр өөрийн урласан 12 жил бүхий эрдэнийн цагийн арван хоёр жи­лийг танилцуулахад, нутгийн иргэд, Хандармаа, Хасын ээж бүгд тү­ү­нийг ямар гайхалтай уран болохыг шагшиг магтана. Тэд бүгд баярлан наадаж, багт наадам хийж, ивээл гурван жилийн амь­тад хамтран, хүчтэй нь хүчгүйдээ эвлэрэн найр­саж, эв нэгдлийг илэрхийлэн бүжиг­лэнэ. Нутгийн ардууд уран Хасын гайхамшигт авьяас, ур ухааныг бахдан маг­таж, Хас, Хандармаа хоёрт аз жаргалыг хүсэн ерөөсөөр энэ бүжгэн жүжиг аз жаргалтайгаар төгсөнө. Яг л үлгэр шиг…
М.ДӨлгӨӨн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж