
Шинэчилсэн хувилбараараа дахин тайзнаа тоглогдож буй бүжгэн жүжиг яг товлосон цагтаа эхэллээ. Хөшиг нээгдэхийн өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү гарч ирэхэд үнэхээр гоё, ямар ихэмсэг, сүрлэг харагдаж байв аа. Тэр хөгжим, аялгуу ямар гайхалтай вэ, сэтгэл минь догдолсоор. Хангайн нутаг, уулархаг хадан хясаануудаар чимэглэсэн тайзны баруун талд нэгэн гэр байв. Энэ гэрт уран гартай залуу Хас ээжийнхээ хамт амьдардаг. Уран Хас жигүүртэн мэт дүүлэн нисэх хүсэлдээ хөтлөгдөн шувууны далавч урлан хийж байгаагаар балетын нэгдүгээр үзэгдэл эхэлнэ. Энэ балет нь хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй. Хас шувууны далавчаа урлаж байтал түүний хайрт бүсгүй Хандармаагийн хоёр найз бүсгүй ирж түүнийг юу хийж байгааг сонирхоно. Төд удалгүй Хандармаа ч ирлээ.
Уран залуу Хас гурван бүсгүйд далавчаа үзүүлж, шувуу мэт дүүлэн нисэх тухайгаа өгүүлсэнд бүсгүйчүүд үл итгэн, тэр ч бүү хэл доог тохуу хийж бүжиглэн наадна. Энэ үед Хас өөрийнхөө зөв гэдгийг харуулахаар өндөр хадан дээрээс үсэрч, шувууны далавчаа дэвэн дэвсээр газарт бууна. Айж сандарсан Хандармаа Хасыг зүгээр байхыг хараад сэтгэл тайвширч, найзуудтайгаа хөөрөн бүжиглэнэ. Энэ бүжигт хүн бүхний мэдэх “Монгол Вальс” эгшиглэнэ. Үнэхээр гайхалтай. Тэнгэрт дүүлэн нисэх мэт дээшээ хөөрөөд л… Анх удаа ийм сайхан вальс бүжиж байгааг харлаа. Симфони оркестр бүрэн төлөвшөөгүй, нэг хэсэг үндэсний найрал хөгжимд цөөвтөр европ хөгжим хослуулсан оркестрын бүрэлдэхүүн байхад Ж.Чулуун агсан үндэсний ёочин, цохилуур хөгжмүүд, Европын хийл хөгжмийг нэгэн зэрэг тоглодог байсан гэдэг. Энэ агуу зохиолчийн “Уран хас” бүжгэн жүжгийн аяз театрт суугаа үзэгчдийн сэтгэлийн хөөрлийг дээд цэгт хүргэсэн гэхэд болно.
Хас өөрийн урлаж буй ивээл, ивээлээрээ бүждэг 12 жил бүхий эрдэнийн цагаа найз нөхөд, ээж, хайрт бүсгүйдээ танилцууллаа. Энэ удаад Хас эхний зургаан жилийн багт үзүүлбэрийг үзүүлнэ. Эдгээр арван хоёр жилд Хөгжим бүжгийн Коллежийн сонгодог бүжгийн ангийн сурагчид оролцон тогложээ. Өхөөрдөм, хөөрхөн арванхоёр жил. Харин уран залуу Хасын дүрд Х.Мөнгөнхөлөг бүжиглэсэн бол түүний хайртай бүсгүй Хандармаагийн дүрд соёлын тэргүүний ажилтан Ч.Ганчимэг бүжиглэжээ. Харин Хандармаагийн найз хүүхний дүрд соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, театрын шинэ хун Б.Саруул бүжиглэсэн.
Орой бүрий болж нутгийн залуус таран явахад сэтгэлт хосууд хайр сэтгэлээ илэрхийлэн бүжиглэнэ. Энэ үед Хасын тухай сонссон хошуу ноён бараа бологсдын хамт ирж түүний авьяасыг ашиглах зорилгоор зарлиг буулган Хүрээ рүү авч явна. Хасыг ээж, Хандармаа хоёр нь гаргаж өгсөөр бүжгэн жүжгийн нэгдүгээр үзэгдэл өндөрлөлөө.

Харанхуйлал. Хоёрдугаар үзэгдэл эхлэхэд уран залуу Хас ноёны урланд Хошуу ноёны даалгасан бүтээлийг хийж байна. Хас ноёны даалгасан хүүхэлдэйг хийхийн хажуугаар өөрийг нь дээрэлхдэг хүрээний дэггүй банди нарыг айлгах Лүдийн багийг хийгээд амжжээ. Дэггүй банди нар түүнийг дээрэлхэн шоглож байхад хошуу ноён Хасын урласан хоёр хүүхэлдэйг үзнэ. Хошуу ноён Хасын урласан хоёр хүүхэлдэйнээс аргал түүж буй хүүхэлдэйн үзүүлбэрийг таалж, Хасыг шагнаад, хүүхэлдэйгээ авч явна. Хошуу ноёны дүрд соёлын тэргүүний ажилтан Х.Чойжилсүрэн тогложээ.
Үүнийг харсан дэггүй нар Хасаас өгсөн шагналыг булаахаар санаархахад Хас өнөөх Лүдний багийг гаргаж дэггүй банди нарыг айлгана. Лүднээс үхтлээ айсан дэггүй банди нар хуурамч Лүд байсныг мэдээд Хасын араас хөөж, зодох гэнэ. Энэ үед Хасын найз нар ирж дэггүй банди нартай зодолдоно. Энэ зодооны хэсэг үнэхээр сонирхолтой. Яг л тухайн үеийн зодооныг харуулна. Гэхдээ бүжгээр шүү дээ. Лүдийн дүрд соёлын тэргүүний ажилтан Д.Чинбат тоглосон байв. Харин дэггүй банди нар дундаа хамгийн дэггүй, тарган бандийн дүрд урлагийн гавьяат жүжигчин С.Отгонням тогложээ. Зодооны үед Хасын хайрт бүсгүй Хандармаа ирж, Хас ч найзуудынхаа хамт нутгаа зорьсоор хоёрдугаар үзэгдэл өндөрлөлөө.
Гуравдугаар үзэгдэл эхлэхэд Хас, Хандармаа, найзуудынхаа хамт эх нутагтаа иржээ. Тэрбээр өөрийн урласан 12 жил бүхий эрдэнийн цагийн арван хоёр жилийг танилцуулахад, нутгийн иргэд, Хандармаа, Хасын ээж бүгд түүнийг ямар гайхалтай уран болохыг шагшиг магтана. Тэд бүгд баярлан наадаж, багт наадам хийж, ивээл гурван жилийн амьтад хамтран, хүчтэй нь хүчгүйдээ эвлэрэн найрсаж, эв нэгдлийг илэрхийлэн бүжиглэнэ. Нутгийн ардууд уран Хасын гайхамшигт авьяас, ур ухааныг бахдан магтаж, Хас, Хандармаа хоёрт аз жаргалыг хүсэн ерөөсөөр энэ бүжгэн жүжиг аз жаргалтайгаар төгсөнө. Яг л үлгэр шиг…
М.ДӨлгӨӨн