“Реал Мадрид” дахин Ла лигийн тэргүүнд бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

“Реал Мадрид” дахин Ла лигийн тэргүүнд бичигдлээ

Криштиан Рональду, Гонзало Игуаин нарын гоолын ачаар “Реал Мадрид” 2:0 харьцаатай “Расинг Сантандер”-ийг талбай дээр нь буулган авлаа. Ингэснээр Мануэль Пелегринигийн “Оддын цуглуулга” дахин Ла лигийн тэргүүн эгнээг эзэлж байгаа юм. Ижил оноотой боловч гоолын зөрүүгээр мөнхийн өрсөлдөгч “Барса”-г ардаа орхиод буй “Реал” лигийн 12 тоглолтод дараалан ялалт байгуулаад байна. “Эль Классико” нэртэй тэдний халз тулаан энэ долоо хоногт болно.
Өнгөрсөн шөнийн тоглолтын 24 дэх минутад Рональду тооны харьцааг нээж, улирлын 18 дахь гоолоо оруулсан бол 76  дахь минутад Игуаин гоолдож, улирлын 24 дэх гоолоо оруулжээ. Тэрбээр өдгөө Ла лигийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт Мессигийн дараа бичигдээд байна.
Мөн энэ үеэр Испанийн шигшээ багийн довтлогч Дэвид Вилья улирлын 20 дахь гоолоо оруулж, “Валенсия” 3:0 харьцаагаар “Осасуна”-г буулган авчээ. Хоакин Санчез 47 дахь минутад гоолын салхийг хагалсан бол удалгүй Вилья тооны харьцааг 2:0 болгож, улмаар нэмэлт цагт дубль хийсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж