Оюутолгойд монгол ханган нийлүүлэгч байна уу

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Оюутолгойд монгол ханган нийлүүлэгч байна уу

“Оюутолгойн XXI зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалт мөн” тунхагийн чанартай гэмээр энэ өгүүлбэрийг үгүйсгэх хүн ховор биз. Зургаан жилийн турш хүлээлт дуншуулж ихэнхдээ хэл ам, хэрүүлийн бай болж байсан Оюутолгойн орд газрын Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр бслсныг энэ гуравдугаар сарын 30-нд Засгийн газар зарласнаар бидний өмнө дараагийн “жинхэнэ” асуудлууд босч ирж байна. Энэ бол дээр иш татсан бүтээн байгуулалтыг жинхэнэ ёссср хийх асуудал юм.
Монголчуудын хувьд хамгийн их анхаарал татаж буй асуудал: Бид Оюутолгойгоос юу хүртэж чадах вэ? Авах ашиг орлого, татвар шимтгэл тэргүүтнээс эн тэргүүнд орд газрын бүтээн байгуулалт, үйл ажиллагааны асар их мөнгөний эргэлтээс бид хэдий хэрийг олж болох боломжтой, хэдийг олж чадах бол гэсэн асуулт.
Оюутолгой төслийнхөн “Манай төсөлд Монголын олон зуун компани, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн гар бие оролцож байна” гэдэг. Албан ёсны вэб сайт www.ot.mn-аас харах юм бол “WAGNER ASIA”, “MONGOLIAN STAR MELCHERS” ХХК, “ZIG ZAG” TRADE, “Тэнгэр” ХХК, “SKY TRADING”, “SKY TRADING”, “PETROVIS”, “AERO MONGOLIA”, “Бамбай харуул хамгаалалт”, “Мах маркет” , “Мобиком” гээд л манайтай л томд тооцогдох компаниудын нэрийг жагсаажээ. Үйл ажиллагааных нь ерөнхий чиглэлээр тэд ямар бараа, үйлчилгээг Оюутолгойд нийлүүлж байгааг тоймлож ойлгож болохоор.
Харин цаашид бараа нийлүүлэлт, үйлчилгээнд монголчууд хэр оролцоо­той байх юм болоо. Өнгөрсөн гуравду­гаар сарын 12-нд  Оюутолгойнхон шилдэг ханган нийлүүлэгчдээ шалга­руулж, танилцуулах өдөрлөг хийсэн. Ажлын хувцас оёдог үйлдвэрийн бололтой оёдолчин бүсгүйчүүд гүйлд­сэн даржиндуу өдөрлөг болсон гэлцэж байсан санагдана. Хамгийн содон сонсогдсон нь дээжийн хайрцаг хий­сэн Ханбогд сумын иргэний ярилцлага сонин хэвлэлээр гараад л байсан. Дээжийн хайрцаг гэдэг нь газраас өрөмдөж авсан дээжийг хадгалдаг модон сараалжин хайрцаг л даа. Бас ot.mn-д 2007 оноос хойш 31 сая төгрөгийн төмс, хүнсний ногоо ний­лүүл­сэн иргэн Ж.Батаагийн амжилтыг бахархан дурдсан байна. Бас бичиг хэргийн бараа нийлүүлдэг аж ахуйн нэгжийнхэн нь эндхийн бүү хэл Бээжингийн оффисынх нь бичиг хэрэгслийг ч нийлүүлсэн гэж байх юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед монгол­чууд хувьсгалт Монгол танкийн цуваа нийлүүлсэн гэж бахархдаг бол орос ах нар маань “Бээлий, сөөхий өгсөн гэсэн” гэж дурсдаг гэсэн шиг шог бодол төрөх гээд.
Албан ёсоор танилцуулсан танилцуулгад бахархалтай мэдээ бас байна аа. Бүтээн байгуулалтын анхны том тендер буюу 4500 ажилчны хотхон байгуулах 10 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт “Барилга” ХХК шалгарчээ. Анх 2003 онд босоо ам байгуулах ажилд барилгын материал нийлүүлж байсан уг компанийнхан үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн одоогоор 200 гаруй ажлын байр бий болгож, цаашид 170 гаруй хүнтэй барилгын бригад бүрдүүлэн ажиллах гэж байгаа юм байна.
“Оюутолгой” ХХК-ийн зүгээс бид Монголын компаниудыг дэмжих болно гэж илэрхийлдэг. Гэхдээ ханган нийлүүлэлтийн хэдэн хувь нь Монгол компани байна вэ гэдгийг тодорхойлох хэцүү. Өнгөрсөн хугацаанд нийт бараа үйлчилгээ нийлүүлэгчдийн 80 орчим хувь нь Монголын компани байгаа гэх ч эдгээрийн бас дийлэнх нь импортлогчид. Хүнд нарийн техник технологиос эхлээд ихэнх бараа бүтээгдэхүүнийг Монгол дахь салбар компаниас авах хэрэгтэй болно. Наад захын бичиг хэргийн жижиг бараа бүтээгдэхүүнийг ч Монгол компани импортлон оруулж ирж дамжуулж байгаа юм хойно. Тиймээс элс хайрга гэх мэт барилгын материал мах ногоо тэргүүтнээ ядахдаа монголчуудаас авна аа гэсэн ерөнхий бодлого баримталж байгаа юм байна. Тэгэхээр ихэнх бараагаа импортоор оруулж ирдэг монголчуудад боломжтой салбаруудад үйлдвэрлэгч болох. Хамгийн гол нь үнэ чанар зэргээрээ бусадтай өрсөлдөхүйц чадвартай болох шаардлага тулгарч байна. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд …
“Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээ болон Монгол Улсад байгаа тоног төхөөрөмж, түүхий эд, хангамжийн материал, сэлбэг хэрэгслийн үнэ өртөг, нийлүүлэх хугацаа, тоо хэмжээ, чанарын хувьд өрсөлдөхүйц байх тохиолдолд Компани тэдгээрийг тэргүүн ээлжинд худалдан авна. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудыг тэргүүн ээлжинд авч үзэхийн зэрэгцээ Оюу толгой төсөлд шаардагдах ачаа болон тээвэрлэлтийн үйлчилгээг Монголын талын гүйцэтгэгчээр тэргүүн ээлжинд гүйцэтгүүлнэ гэж ерөнхийд нь заасан байдаг юм байна
Тийм болохоор үнэ чанараараа өрсөлдөж байж л монголчууд Оюутолгойн хангамж үйлчилгээнд давамгайлж чадах нь ээ гэдгийг эрхэм бизнесмэнүүддээ сануулах юун.
Одоогоор Оюутолгойд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй хувь хүн байгууллагад www.bcmongolia.org хаягт бүрдүүлэх бслсмжтсй. Энэ санд одоогоор 1900 орчим сонирхогч бүртгүүлээд байгаа ч тэдний хэд нь Оюутолгойтой хамтран ажиллах “виз” авч чадах нь тодорхойгүй байгаа юм.
Тус ордод нийт таван тэрбум ам.долларын бараа үйлчилгээ худалдан авна гэж төлөвлөөд байгаа. Уурхайг ашиглалтад оруулсны дараа жил бүр 500-00 сая ам.долларын бараа үйлчилгээ худалдан авна. Уурхай байгуулах барилгын ажлын төсвийг 2010 онд 758 сая ам.доллар байхаар баталсан байна.
Оюутолгойд анх хайгуул хийж эхэлснээс хойш буюу 2000 оноос нэг тэрбум ам.доллар зарцуулсан гэж хөрөнгө оруулагч тал мэдэгддэг. Гэвч үүнээс хэдий хэмжээний үйлчилгээний ажлыг Монгол компаниуд гүйцэтгэсэн байтугай ер нь хаана юунд зарцуулсан талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа. Хөрөнгө оруулагчдын тайлагнасан энэ тоонд эдүгээ аудит хийж байгаа. Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаан дээр мэдээлснээс үзвэл одоогоор аудитын дүн эцэслэн гараагүй байна. Дээр дурдсан энэ жилийн 758 сая ам.долларын мөнгөнөөс ч монголчууд хэдийг нь “хүртэж” чадах нь ч бас тодорхойгүй л байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж