
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд харъяа яамнаас энэ онд 36 мянган ажлын байрыг бий болгож, 50 мянга орчим хүнийг түр ажлын байранд зуучлахаар болжээ. Мөн 25 мянган оюутныг цагийн ажилд зуучлах ажлыг шинээр зохион байгуулна хэмээн ярьж байна. Гэхдээ өмнөх жилүүдийн дүнгээс харахад бодит байдлаас илүү цаасан дээрх тоонд ач холбогдол өгөх байдал зонхилж мэдэхээр байна. Тухайлбал, 2010 онд 47 мянга гаруй оюутанд зөвлөгөө, мэдээлэл өгч 27 мянгыг нь цагийн ажилд зуучилсан байна. Гэтэл 50 орчим мянган оюутан гэдэг бол нийслэлд суралцаж буй оюутнуудын 60 орчим хувь шүү дээ. Мөн зуучлуулсан 27 мянган оюутны дөнгөж нэг хувь нь дадлагажих журмаар зуучлуулсан ажлын байранд очсон байна. Ингэхээр уг төслөөс бодит үр дүн харагдахгүй байгаа юм.
Уулзалтын үеэр сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхож байсан асуудал бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох талаарх мэдээлэл байлаа. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бага байгаатай холбоотойгоор гадны хөрөнгө оруулалттай компаниуд монгол ажилчдад бага цалин өгөх үзэгдэл газар авсан аж. Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүгийн ярьж буйгаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн 200 мянган төгрөгт хүргэх саналыг хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны байр суурь эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдаж байгаа аж. Мөн сүүлийн үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр авч байгаа ч бодит үр дүнгээ өгөхгүй байгааг сэтгүүлчид шүүмжилсэн юм. Харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдээс Оюутолгойд жил бүр 3300 мэргэжилтэй ажилчин бэлдэх ажил нэлээд үр дүнтэй болж байгаа талаар яамныхан танилцуулсан юм.
Зохиогчийн эрх: