Английн Премьер лигийн улирлын хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг болох “Манчестер Юнайтед” болон “Челси” нарын халз тулаан өчигдөр Олд Траффорд цэнгэлдэхэд болж өнгөрлөө. Манчестер хотын 76 мянган хүний суудалтай Олд Траффорд цэнгэлдэхэд зочилсон Карло Анчелоттигийн цэргүүд 2:1 харьцаатай лигийн хамгийн ширүүн учраагаа буулган авч, хожлын гурван оноотой гэртээ харьсан. Ингэснээр лондончууд 74 оноотой болж, хоёр онооны зөрүүгээр “МанЮ”-г ардаа орхин лигийг тэргүүлэх болсон юм.
“МанЮ”-гийн довтолгооны гол хүчин болсон Уейн Рүүни гэмтэлтэй учир талбайд гараагүй бөгөөд үзэгчдийн суудлаас тоглолтыг үзэж суугаа нь харагдсан. Үнэхээр ч Рүүнигүйгээр “Улаан чөтгөрүүд”-ийн довтолгоо асуудалтай байгаа нь илт анзаарагдаж байлаа. Харин түүнийг орлож залуу довтлогч Федерико Македа талбайд гарсан. Харин итали мэргэжилтэн Карло Анчелоттигийн тухайд гол түлхүүр болох Дидье Дрогбаг сэлгээний суудалд нөөж, 69 дэх минутад талбайд гаргасан ба Зааны ясан эрэгийн довтлогч үүргээ биелүүлж, 79 дэх минутад гоолдсон юм. Хэдийгээр отон тоглолтод орсон байсан ч хажуугийн шүүгч анзаараагүй учир Дрогбагийн гоолыг орсонд тооцож, тооны харьцаа 2:0 болсон. Тоглолтын эхний гоолыг 20 дахь минутад Жо Коул оруулсан юм. Дрогбагийн гоолоос хойш ердөө хоёр минутын дараа “Цэнхрүүд” хаалгандаа бөмбөг алдсан, харин гоолын эзэн нь итали залуу авьяастан Македа байв. “Юнайтед”-ийн дасгалжуулагч Сэр Алекс Фергусон тоглолтын үр дүнд сэтгэл дурамжхан байгаагаа илэрхийлээд, тоглолтын дараа “Миний ойлгохгүй байгаа ганц зүйл бол хажуугийн шүүгч. Үнэхээр түүний буруу байсан. Ийм хэмжээний тоглолтын шүүх бүрэлдэхүүн нь чадварлаг байх хэрэгтэй, харин өнөөдрийн тухайд тийм байж чадсангүй. Үнэхээр ядмаг үзүүлэлт. Улирал дуусахад таван тоглолт дутуу байна. Харин Челси жолооны суудалд, биднээс хоёр оноо, дөрвөн гоолоор илүү байгаа. Тэд биднээс илүү давуу нөхцөлд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ бидний зүгээс үүний хариуг нь барьж чадна гэдэгт итгэлтэй байна. Үлдсэн таван тоглолтод бүгдэд нь ялалт авах хэрэгтэй” гэжээ.
Өмнөх хоёр тоглолтод 12 гоол оруулаад байгаа “Цэнхрүүд”-ийн хувьд долоо хоногийн дундуур тоглолт хийхгүй ба учир нь тэд Аваргуудын лигийн шөвгийн 16-д экс-дасгалжуулагч Жозе Моуриньогийн “Интер Милан”-д ялагдсанаар Аваргуудын лигийн өрсөлдөөнөөс хасагдсан билээ. Харин “Улаан чөтгөрүүд” лхагва гаригт Олд Траффорд цэнгэлдэхдээ “Баейрн Мюнхен”-г хүлээн авна. Тиймээс “Челси”-гийн хувьд байдал илүү давамгай байгаа гэж болох юм.
Премьер лигийн хүснэгтийн гуравдугаарт бичигдсэн “Арсенал” мөн өчигдөр ээлжит тоглолтоо хийж, “Вулверхэмптон”-г 1:0-ээр талбай дээр нь хожсоноор Арсень Венгерийн “Мэргэн буучид” 71 оноотой, “Челси”-гээс гурван оноогоор хоцорч байна. Өчигдөр болсон Премьер лигийн 33-р тойргийн бусад тоглолтын дүнг танилцуулъя.
“Арсенал” 1:0 “Вулверхэмптон”
“Болтон” 0:1 “Астон Вилла”
“Барнли” 1:6 “Манчестер Сити”
“Манчестер Юнайтед” 1:2 “Челси”
“Портсмаут” 0:0 “Блэкберн”
“Стоук Сити” 2:0 “Халл Сити”
“Сандерлэнд” 3:1 “Тоттенхэм”
С.Цэлмэг