
Нөгөө талаас манайд зээлдэгчийн хариуцлага гэдэг зүйл тааруу байдаг аж. Түүнийг нь өөгшүүлж байгаа мэт барьцаа хөрөнгийг нь зарах гэж банкууд өөрсдөө үйлээ үзнэ. Учир нь Солонгост зээлийн барьцаа хөрөнгийн борлуулалтын асуудал 5-10 сарын дотор шийдэгдэж байхад манайд дор хаяж долоон жил болдог юм билээ. Ингэж өөрсдөдөө түвэг удсан чанаргүй зээлийнхээ эздийг банкны удирдлагууд дампуурахаасаа нааш зарладаггүй. Уг нь чанаргүй зээл эзэмшигчдийг олон нийтэд илээр зарладаг болчихвол зээлдэгчийн хариуцлага дээшилж мэдэхээр байгаа юм. Чанаргүй зээл дорвитой буурахгүй байгаагийн гол шалтгаан нь манай арилжааны банкууд зээлдэгчдийнхээ судалгааг ул үндэстэйгээр хийж чаддаггүйтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд үздэг. Тэднийхээр зээлийг мэдээлэлд үндэслэхээсээ илүү барьцаа хөрөнгөд үндэслэж олгодог байдлыг зогсоох хэрэгтэй аж. Учир нь барьцаа хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулах ажил мөн л хэдэн жилийн өмнөхөө бодвол арай л дээрдэж байгаа гэсэн.
Төрөөс баримтлах энэ оны мөнгөний бодлогод дурьдсанаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, зээлийн барьцаа хөрөнгийг хурдан шуурхай худалдан борлуулах, зээлийн эрсдэлийг багасгах зэрэг ар араасаа хөвөрсөн олон ажил өмнө гараад ирлээ. Энэ ажлуудын үр дүнгээс хамаарч санхүүгийн тогтвортой байдал бий болж, чанаргүй зээлийн хэмжээ багасах аж. Гэтэл 2009 онд нийт банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 442.5 тэрбум төгрөг болж, өмнөх оноосоо 243.9 тэрбум төгрөгөөр өсч шуугиулсан. Тэр үед чанаргүй зээл нийт зээлийн 25 хувийг эзэлж байсан юм. Ингэж хоёр дахин нэмэгдсэн чанаргүй зээлийн хувь өнгөрсөн онд буурч гавьсангүй. Саяхан гарсан статистик дүнгээс харахад 442.5 тэрбум төгрөгийн чанаргүй зээл хямрал багатай байсан өнгөрсөн онд 374.4 буюу 87.6 тэрбум төгрөг төдийхнөөр буурсан байлаа.
Зохиогчийн эрх: