Г.Өсөхбаяр зургаа барилдаж, тав уналаа

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр зургаа барилдаж, тав уналаа

Монголын үндэсний бөхийн холбооноос Бар жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдааныг анх удаа зохион байгуулж байгаа билээ. Тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд нутаг нутгийн бөхчүүдээс бүрдсэн шилдэг 15 дэвжээ /Нэг дэвжээнд зургаан бөх багтаж байгаа/ тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм. Өчигдөр уг барилдааны хоёр дахь цуврал болсон юм. Уг цувралын хамгийн анхаарал татсан барилдаан “С” хэсгээс гарав. Архангайн хүчтэнүүдээс бүрдсэн “Бөх билэгт”, Говь-Алтай аймгийн “Хантайшир”  дэвжээнийхэнтэй тойргоор халз барилдлаа. Хоёр дэвжээний бөхчүүдийн хооронд бооцоо тавигсад нэлээд их байв. Хоёр дахь цувралын эхний тойрогт “Бөх билэгт”-ийнхэн ааг омогтойгоо гайхуулан 4:2-оор илүүрхсэн ч сүүлийн таван тойрогт Архангайн бөхчүүдийн барилдаан буруу тийшээ эргэв. Ингээд нийт зургаан тойргийн барилдааны дараагаар /нийт 36 барилдаан/ өрсөлдөгчөө илт давуу илүүрхсэн “Хантайшир”-ын хүчтэнүүд 27:9-ийн харьцаагаар буулгаж авсан юм. Архангайн зургаан бөхийг манлайлан барилдсан даян аварга Г.Өсөхбаяр гэхэд л энэ өдрийн зургаан барилдааны тавд нь ялагдаж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, улсын начин Ж.Бат-Эрдэнийг л давсан байгаа.

Хөлбөмбөг болон сагсан бөмбөгөөр ярьвал энэ хэсэг “Үхлийн” гэх тодотголтой байв. Учир нь дээрх хоёр дэвжээнээс гадна “Увс нуур”, “Дүнжингарав”, “Говийн хүчтэн” уг хэсэгт багтжээ. Хамгийн сонирхолтой нь, энэ өдрийн барилдаанд “Их Монголын хүчтэн”-үүд Дорнод, Хэнтийн дэвжээний бөхчүүдийг бүх барилдаанд ялж, 36:0-дсон нь энэ өдрийн тэмдэглэлт ялалт байв.  Хоёр дахь өдрийн цувралыг Ховд, Увс нуур, Булганхангай дэвжээ өнжсөн бол гурав дахь цуврал өнөөдөр 15 цагаас эхлэх юм.

Бусад хэсгийн барилдааныг тоон дүнгээр үзүүлье.

“Завхан” /Завхан/  13:23   “Таван хан” /Сэлэнгэ/
“Бес Богда Бүргэд”/Баян-Өлгий, Дархан/ 10:26 “Хөвсгөлийн хүчтэн” /Хөвсгөл/
“Говийн хүчтэн” /Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр/ 13:23 Дүнжингарав /Төв/
“Жавхлант” /Сүхбаатар/  22:14 “Хур харцага” /Дундговь/  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж