Харин энэ үед нь Монгол Ардын намын Удирдах зөвлөлөөс эрс хатуу эсэргүүцлийн мэдэгдэл гаргахаар бэлтгэж эхэлсэн сураг байна. Ямартай ч “МАХН-ын Түр штаб”-аас зохион байгуулж буй онц их хурал хаврын улс төрд “амт” нэмж, ирэх сонгуульд Ц.Шинэбаяр намын даргын карьераар өрсөлдөхийг ерөнхий утгаар нь зарлах юм. Тэгвэл Н.Энхбаяр даргын хувьд Ардын намын батлахаа зүгээр ч нэг гардуулж, улс төрийн хямдхан тоглолтын үнэ цэнэгүй тоглогч болохгүй байх. Түүний хувьд Ардын намын гишүүнчлэлээс “тасдаж”, улстөрчид хоорондынх нь зөрчлийг Ц.Шинэбаяр ба түүний нөхдөөр дамжуулж өдөөхийг л гол зорилго болгож буй. Үүний төлөө “Ард түмэнтэйгээ нийллээ” гэсэн бяцхан улс төрөөр шоу хийж, Ц.Шинэбаярын байгуулсан намын даргаар очихгүй гэдгээ тэрбээр мэдэгдсэн гэнэ. Харин шинэ намын даргын суудлын тухайд тэрбээр “Намаас хөөв” гэсэн Ардын намын удирдлагуудын хатуу тоглолтыг хүлээж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр далд “фронт”-оос дайтдагаараа дайтна. Үүнд нь нэр бүхий дэмжигчид нь тусална. Энэ тохиолдолд Монголын улс төрд Н.Энхбаярын дайснууд гэсэн бүлэг фракц эрчимжиж олонхийн байр суурийг илэрхийлнэ. Нөгөө талд нь Н.Энхбаярыг өмгөөлөгсөд цөөнхийн дүр эсгэж, нийгэм бүхэлдээ шударга бус үйлдлийн гэмгүй хохирогчоор цоллуулах юм.
Энэ бүхэн рүү татагдаж орох дараагийн улс төрийн хүчин бол Ардчилсан нам. Тэдний олонхи нь Н.Энхбаярт дургүй учраас “МАХН-ын Түр штаб”-аас “өндөглөх” жижиг намыг өөчилж, гоочлох ажилд шилжинэ. Гэхдээ тэдний хувьд Монголын уламжлалын нэгдсэн нам болон Үндэсний шинэ намтай нэгдэх боломж бий. Энэ нэгдлийг өөр хооронд нь мөнөөх Н.Энхбаяр далдаас зуучилж, ирэх УИХ-ын сонгуулиар Ц.Шинэбаярыг ганцаардах аюулаас хамгаалж мэднэ. Хамгийн аюултай нь тэдний талд иргэний хөдөлгөөний төлөөлөгчид бас гараа өргөж болох юм.
Өнгөрсөн оны зургадугаар сарыг дуустал Н.Энхбаярыг үзэж чадахгүй элдэвлэдэг байсан иргэний хөдөлгөөнийхөн түүнд гэнэтийн сэдлээр дурлачихсан яваа нь үнэн. Чухам Н.Энхбаяр нь ямар сэтгэлээр хандсан болоод ийн богино хугацаанд сэтгэлдээ хиргүй болцгоосныг мэдэх аргагүй. Гэсэн ч тун удахгүй уул уурхайн салбарыг эсэргүүцэж, газар шорооны төлөө тэмцэхээс өөр ажилгүй гэдгээ зарласан хөдөлгөөний удирдлага бүгд Н.Энхбаярыг бас л тийм итгэл үнэмшлээр өмгөөлж эхэлнэ. Үүн дээр нь Н.Энхбаяр дарга “Би өртэй хүн. Би өрөө төлнө” хэмээн нулимс унаган гэмшлээ илэрхийлж, “Иргэний хөдөлгөөнүүд зөв ярьж байна. Бид уул уурхайгаас Монголыг аврах ёстой” хэмээх биз.
Энэ бүхэн өнгөрсөн оны дунд үеэс найруулагдаж эхэлсэн улс төрийн жүжиг. Ц.Шинэбаяр мундагтаа ганцаараа тэмцэгч болоогүй нь бүр ч ойлгомжтой. Болж чадахгүй нь ч тодорхой. Гагцхүү “МАХН-ын Түр штаб”-ын онц их хурлаар Н.Энхбаяр дарга шууд ил гарч ирэхгүй л болов уу. Учир нь, Н.Энхбаяр гэдэг хүн ийм хурдан олны өмнө “Би хэн бэ” гээд гарч ирвэл түүнд энэ бүхэн хэтэрхий хямдхан улс төр болж хувирах юм. Юуны төлөө олны дургүйцлийг өдөөж, өнөөдрийг хүртэл далдаас “тулалдсан” билээ дээ. Иймд нэр төртэйгээр Ардын намыг орхих шалтаг түүнд хэрэгтэй. Тэр нь Ардын намаас хөөгдөх явдал. Хүсэл ёсоор болбол тэрбээр улс төрийн жижиг намууд хийгээд иргэний хөдөлгөөний нэгдэл болсон мөрөөдлийн намынхаа тэргүүн болох биз ээ. Энэ бол “МАХН-ын Түр штаб”-ын онц их хурлын Монголын улс төрийг хөдөлгөх их замын эх юм.
Зохиогчийн эрх: