Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач Гэндэндоржийн Цэрэндондогийн 80 насны ойн уран бүтээлийн үзэсгэлэн 2010 оны 4-р сарын 5-наас 9-ний хооронд Монголын Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна.
Зураач Г.Цэрэндондог нь 1930 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд малчин ард Гэндэндоржийн отгон хүү болон мэндэлжээ. Тэрбээр багын сэргэлэн цовоо, зураг урлал оролддог байсан агаад 1950 онд Дүрслэх урлагийн дунд сургууль дүүргэн улмаар УБДС-ийн уран зургийн анги, Ленинградын И.Е.Репиний нэрэмжит Уран Зургийн Академи, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулиудыг дүүргэж, Монголын дүрслэх урлагт 60 гаруй жил авъяас билгээ сорихдоо олон сайхан бүтээл туурвиж, гадаад дотоодын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, үзэгч олны мэлмий юуг мялааж байжээ. Түүний “Адуун сүрэг”, “Эрчмийн нуруу”, “Асгатын ам”, “Бага нуур”, “Хөх сэрхийн нуруу”, “Зээрэнгийн тал” зэрэг шилдэг бүтээл нь МУЗГалерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байна. Тэрээр урлагийн төлөө амьдарч, уран зургаар жигүүрлэн байгалийн гоо сайхныг магтан дуулахын сацуу тухайн үедээ МУЭ-ийн орлогч даргаар 25 жил тасралтгүй ажиллаж, Уран Сайхны Фондыг үүсгэн байгуулалцжээ. Зураач бээр 1957 онд “Адуучин” бүтээлээрээ ДЗО-ны VI фестивальд зориулсан уран бүтээлийн уралдаанд хоёрдугаар байр, 1959 онд “Эрчмийн нуруу” бүтээлээрээ Австри улсад болсон ДЗО-ны VII фестивалиас Хүндэт диплом, мөн энэ онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан. 1957-1992 онуудад ЗХУ, Австри, Алжир, Финлянд, БНАГУ, Чехословак, Япон, Солонгос, Польш, Болгар, Унгар, Хятад зэрэг орнуудад уран бүтээлийн болон албан томилолтоор ажиллаж байжээ.
Г.Цэрэндондог 1962 онд “Алтан гадас” одон, 1972 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ын одон, 1982 онд МУЭ-ийн хорооны “Тэргүүний ажилтан”, 1989 онд МУЭ-ийн хорооны “Нэрэмжит шагналтан”, 1991 онд Монгол Улсын “Урлагийн Гавьяат Зүтгэлтэн” цол тус тус хүртсэн ажээ. Уран бийрийн үзүүрээр байгалийн гоо үзэсгэлэнг магтан дуурсагч өвгөн зураач бээр өнөөдөр урлахуй ухааны их авъяас билгээ хойч үедээ өвлүүлэн үлдээсээр байна.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ