“Sony Ericsson Open” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

“Sony Ericsson Open” үргэлжилж байна

Аварга нь тодроход ердөө хоёр хоног үлдээд байгаа “Sony Ericsson Open” тэмцээнд мэргэжлийн талбайн теннисний мастерууд өрсөлдөж байна. Хагас шигшээд таарсан Венус Виллиамс, Марион Бартоли нарын тоглолт өчигдөр боллоо. Тэдний хэн ялсан нь финалд үлдэх байсан юм. 2004 оноос хойш Венус Виллиамсын хожлын цуврал 14 болоод байсан бол өчигдөр ч тэрээр энэ цувралаа үргэлжлүүллээ. Тоглолтын эхний сетэд Венус тоглолтын харьцааг 5:3 болгоод байв. Энэ үед Бартолигийн давуулсан бөмбөг талбайн гадна унаж, эхний сэт Виллиамсынх болсон юм. Харин 2-р сетийн эхнээс Францын теннисчин Бартолигийн довтолгооны хувилбарууд амжилттай болж, тоглолтын харьцаа 3:1 болоод байлаа. Гэвч Венус алдаагаа засч, няхуур тоглосноор 5:4-өөр хошуучилж эхэлсэн. Ингээд нэгэнт гүйцэх боломжгүй болсныг мэдсэн Бартоли эсэргүүцэл үзүүлсэнгүй Венус 6:3, 6:4-ийн харьцаатай ялснаар шигшээ тоглолтонд үлдлээ.
2005 онд энэхүү тэмцээнд түрүүлж байсан Бельгийн теннисчин Ким Клайстерс энэ удаад нэг нутаг, нэг сургууль, нэг багшийн гараар теннис заалгасан Жюстин Энинтэй таарсан билээ. Хоёр теннисчин энэ тоглолтод 18 удаагийн давуулалтаа алдаж, 103 удаа амжилтгүй довтолсон нь тоглолт хэрхэн өрнөснийг харуулж байна. Гэвч тоглолтын эхнээс л Эниний тоглолт нэг л сайнгүй байлаа. Эхний сет 6:2-оор Клайстерсийн давамгайлал дор өнгөрсөн бол 2-р сет 6:6-гаар тэнцэж, tie break болсон. Энэ тоглолтод Клайстерс алдаа гаргаж, 7:6-гаар Энин хожил авсан. Ингээд шийдвэрлэх 3-р сет эхлэхэд тоглолтын тооны харьцаа мөн л 6:6 болж тэнцсэн байна. Тоглолтын төгсгөл тун сонирхолтой болж эхэлсэн. Клайстерс 3-р сетийн tie break дээр 6:5 болсон ч мөн л алдаа гаргаснаар 6:6 болж тэнцсэн юм. Энэ өдөр Клайстэрс 5 удаа хожлын оноо авсныхаа нэгийг хамгийн чухал төгсгөлийн үе дээр авлаа. Ийнхүү 2 цаг 43 минут үргэлжилсэн тоглолтын эцэст Клайстэрс хожиж, шигшээ тоглолтонд Вэнус Виллиамстай тунаж үлдлээ.

Эрэгтэй теннисчдээс Энди Роддик, Рафаель Надаль нар хагас шигшээд орох эрхээ аваад байсан бол үлдсэн хоёр эрхийн төлөө дөрвөн теннисчин өрсөлдсөн юм.
Оросын теннисчин Михайл Южни Шведийн Робин Содерлингтэй шөвгийн наймд таарч тоглолоо. “Девисийн цом”-ын тэмцээнд хоорондоо учраа таарахад Оросын теннисчин хожиж байсан тул Михайл Южнигийн хувьд сэтгэлзүйн давуу байдалтай тоглолтыг эхлүүлсэн. Энэ нь ч эхний тоглолтоос харагдаж, Южни хошуучилж эхэлсэн. Гэвч үлдсэн тоглолтын хугацаанд Содерлинг санаачлагыг гартаа авч тоглосноор 6:1-ээр Швед эр эхний сетийг өөрийн болгосон байна. Харин дараагийн сетэд Южнигийн тоглолт сэргэж, 3:3-ийн харьцаатай тэнцэж ирсэн. Энэ үед Южнигийн цохисон бөмбөг талбайн гадна унаж, чухал game-ийг алдаснаар энэ удаад Шведийн теннисчин Робин Содерлинг 6:1, 6:4-ийн харьцаагаар ялалт байгуулж, хагас шигшээд үлдлээ.
Харин нөгөө тоглолт Испанийн Фернандо Вердаско болон, Чехийн Томаш Бердих нарын хооронд боллоо. “Девисийн цом”-оос хоёр ч түрүү авч байсан Вердаско тогтмол амжилт үзүүлсээр ирсэн. Харин түүний өрсөлдөгч Томаш Бердих 4-р раундад Рожер Федерерийг мулталж, энэ тэмцээнд одтой байгаагаа харуулсан. Тэдний хэн ялсан нь хагас шигшээд Робин Содерлингтэй тулах учиртай. Эхний сетийг 6:4-өөр Вердаско авсан бол 2-р сет тун ширүүн өрсөлдөөнтэй болсон байна. Тоглолтын турш Вердаскогийн давамгайлал дор тулаан өрнөж байсан ч өөрийнхөө алдаанд олон оноог алдаж байлаа. Ингээд 2-р сетийг Бердих авч, ялагч шийдвэрлэх сетэд тодрох болсон. Ийнхүү дэлхийн 1 номерийг хожсон нь аз байгаагүй гэдгийг Чех эр харуулж 4-6, 7-6, 6-4 өөр Томаш Бердих хагас шигшээд үлдэж чадлаа.   

Б.Батсайхан, Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж