Л.Гансүх сайдын нэхэмжлэлтэй шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Л.Гансүх сайдын нэхэмжлэлтэй шүүх хурал хойшлов

Нийтлэлч А.Баатархуягийг бусдыг үндэслэлгүйгээр гүт­гэсэн эсэхийг шүүх ху­рал өчигдөр өглөөний 09.30 цагт Сүхбаатар дүүр­гийн шүүхэд эхэлсэн ч нэхэмжлэгч талын хүсэлтээр түр хугацаагаар хойшиллоо. Тэрбээр “Өдрийн сонин”-д нийтэлсэн “Нэгдлээс задрал руу” хэмээх өгүүллийнхээ “ач”-аар шүүгдэгч болжээ. Учир нь БОАЖ-ын сайд Л.Гансүх түүнийг өөрийг нь гүтгэсэн, доромжилсон гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн байна. Харин энэ хэргийг шийдвэрлэхгүй байсаар нэг жилийн нүүр үзэх гэж байгаа аж. Шүүх хурал энэ удаа хойшилсон ч хурлын танхимд өчигдөр өрнөсөн үйл явдал хийгээд шүүгдэгчтэй ярилцсанаа хүргэж байна.

Өглөөний 09.30 цаг. Шүүх хурал цагтаа эхэлсэнгүй. Шүүх хурлын танхимын гадаа шүүгдэгч  А.Баатархуяг ирсэн байсан ч нэхэмжлэгч буюу БОАЖ-ын сайд Л.Гансүх ирээгүй байлаа. Арван минут өнгөрсний дaараа шүүгчийн бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн ирж, шүүх хуралд оролцохоор ирсэн хүмүүсийг танхимд оруулав. Хэдхэн хоногийн өмнө Ө.Хэрлэнчимэгийг шүүх хурлын үеэр түм түжигнэж, бум бужигнаж байсан энэ танхимд нам гүм ноёлно. Танхимд А.Баатархуягтай хамт ирсэн хуулийн зөвлөх, хэдэн сэтгүүлч, улсын яллагчаас өөр хүн байсангүй. Нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Эрүүгийн хууль гэсэн цэнхэр хавтастай ном сугавчилсаар шүүгдэгч гэсэн бичиг бүхий сандалд очиж суув.Харин нэхэмжлэгч талынхан ирсэнгүй. Шүүх хуралдааныг даргалах шүүгч М.Алдар танхимд орж ирэн хурал эхэлснийг мэдэгдэн, алхаа цохиж шүүх хурлыг эхлүүлэв. Тэрбээр ямар нэгэн санал, хүсэлт байгаа эсэхийг бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнээс асуулаа.  Шүүх хурал болохоос нэг өдрийн өмнө нэхэмжлэгч тал болох БОАЖ-ын сайд Л.Гансүх шүүх хурлыг хойшлуулах санал тавьсан аж.

Л.Гансүх хувийн шалтгааны улмаас өөрийн өмгөөлөгч н.Эрдэнэбулганыг сольж, өөр өмгөөлөгч авсан боловч тэр нь энэ сарын 27-нд Улаанбаатарт ирэх ёстой аж. Тиймээс шүүх хурлыг нэгдүгээр сарын 31 хүртэл хойшлуулахыг хүсчээ. Энэ үеэр нийтлэлч А.Баатархуяг өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, мөн шүүх хуралд хэл шинжээчдийг байлцуулахыг хүсэн шүүх хурлын товыг хойшлуулахад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдэв. Хариуд нь М.Алдар шүүгч шүүх хурлын товыг ирэх сарын 11-нд 14 цагт болгосноо зарласнаар шүүх хурал хойшилсон юм.

Энэ үеэр нийтлэлч А.Баатархуягаас үүсээд буй асуудлын талаар зарим асуултад хариулт авсан юм.

А.БААТАРХУЯГ: ТЭР БАЙШИНГАА АВААД НЭГ АСУУДЛЫГ ШИЙДСЭН

-Таныг Л.Гансүх сайд ямар үндэслэлээр шүүхэд өгсөн юм бэ?

-Би “Өдрийн сонин”-ы гэрээт нийтлэлч. Энэ хүрээнд тус сонины  2010 оны гуравдугаар сарын 1-ний дугаарт “Нэгдлээс задрал руу” гэсэн улс төрийн өгүүлэл нийтлүүлсэн юм. Үүний хариуд БОАЖ-ын сайд Л.Гансүх ес хоногийн дараа намайг шүүхэд өгсөн. Шалтгаан нь миний нийтлэлийн дунд хэсэгт байсан “Олонхи нь сүйрлээ мэдрээд амжиж хахаж үхтлээ цусалж байна. АН-ын Л.Гансүх, МАХН-ын Ё.Отгонбаяр нар сая ам.долларын үнэтэй байрандаа айлсаад л…” гэсэн өгүүлбэрүүд. Л.Гансүх энэхүү нийтлэлээс сонгож авсан өгүүлбэрийн эхнийхээр нь намайг өөрийг нь гүтгэсэн гэсэн үндэслэлээр өргөдөл гаргасан юм билээ. Харин дараагийн өгүүлбэр дэх сая ам.долларын үнэтэй байшин гэдэг нь тооны хувьд буруу гээд байгаа. Өөрөө ярихдаа “Миний байшин 165.1 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл нэг сая ам.доллар гэж бичсэн” хэмээж байгаа. 

-Та хэл шинжээчдийг шүүх хуралд оролцуулъя, өмгөөлөгч авъя гэсэн хүсэлт тавьсан. Яагаад тэр вэ?

-Анх Л.Гансүх сайд  Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийг үндэслэн өөрийг нь гүтгэсэн гэж гомдол гаргасан. Үүнийг нь ШУА-ийн хэл шинжлэлийн мэргэжилтнүүдээс би асуусан. Тэгэхэд гүтгэсэн гэх үндэслэлгүй. Харин нийтлэлд доромж үг хэрэглэсэн гэсэн. Ингээд түүний гомдлыг үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж прокуророос хоёр удаа буцаасан. Гэтэл тэрбээр аргаа өөрчилж, Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийг үндэслэн өөрийг нь доромжилсон гэж өргөдлөө дахин бичсэн. Гэсэн ч энэ хэрэг нэмэлт мөрдөн байцаалтаас дөрвөн удаа буцсан. Гэхдээ манай цагдаагийн байгууллагынхан хэн эхэлж өргөдөл гаргасан. Тэр хүний талд л заргыг шийдүүлэх гэж зүтгээд байх болж. Тиймээс хэл шинжлэлийн мэргэжилтнүүдийг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьсан юм. Би энэ хэрэг эхэлснээс хойш бараг жилийн хугацаанд өмгөөлөгч аваагүй. Гэтэл мэргэжлийн хүний туслалцаа хэрэг болж байна. Тиймээс өмгөөлөгч авах хүсэлт тавьсан юм. Одоогоор өмгөөлөгчөө сонгоогүй байна. Энэ хэрэгт Л.Гансүх сайд яагаад ингэж их ач холбогдол өгөөд байна вэ гэвэл Эрүүгийн хуулийн дээрх хоёр зүйл, ангиар сэтгүүлчдийг шүүхэд их дууддаг. Үүнд найдаж байгаа байх. Тиймээс би үндэслэлгүйгээр дахин ийм хэрэг бүү болоосой гэсэндээ өмгөөлөгч авч, нухацтай хандахаар шийдсэн.

-Таны нийтлэлд Л.Гансүх сайдын байшингийн үнийг нэлээд зөрүүтэй биччихэж.  Үүнийг юу гэж тайлбарлаж байгаа вэ?

-Сэтгүүл зүйд бол үүнийг шилжсэн утгаар бичсэн гэж үзэж байгаа. Хамгийн гол нь энэхүү байшин нь Эм Си Эс компанийнх. Тэгээд ч энэ байшинг авсных нь дараахан л Эм Си Эс компанийн Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайтын боомт хүртэл засмал зам тавихаар болсон биз дээ. Үүнийг л хардаж бичсэн юм.


Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж