Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

“Underground” улс төр

Монголын улс төр, улстөрчид өдөр ирэх тусам танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байна. Төрөл арилжсан энэ өнгө төрхөнд оноогоод өгчих нэрийг төрөлх хэл минь ч гүйцэхгүй янзтай. Аялгуу сайхан хэлээ эвдэж, элдэвлэж өчнөөн бичээд ч монгол үг монгол улстөрчдөд л тохирохыг сая мэдэв.  Монголын төр нь ч, түшээд нь ч ийм байгаагүй болохоор яаж зохицох билээ. Ингээд импортлогчдынх нь эх хэлээс хайж үзлээ. “Underground”. Энэ үг олон утгатай аж. Гэхдээ олигтой зүйлд оноож бараг хэлдэггүй бололтой. Гаж. Энэ л яг таарна. Гаж улстөр хийгээд байгаа юм байна шүү дээ, манай гаж улстөрчид.

Сонгуульд ялсан нам засгийн эрхийг гартаа авдаг тэр жишгээс эхлээд л гажсан. Хэдэн том гэрээ батлахын тулд, сонгуулиас үүдэлтэй үймээн самууныг мартагнуулахын тулд хамтарснаа ололт гэж үзээд, “Стандарт бус” гэдэг гоё нэр өгсөн.  Энэ ч яахав. Гажсаар яваад сонгуулийн мөчлөг дундаа орлоо. Сүүлийн үеийн гажигтай улс төрийн үйлдлүүдээс  дурьдахад бусад оронд намын гишүүн намаасаа гарах, буцаж орох нь дэлгүүрт ороод гарахтай адил энгийн үзэгдэл. Монголд бол намаас гарсан бол насан туршдаа урвагч, төрийн дайсантай адил хэмжээнд үздэг нь ч мөн л эрүүл бус хандлага юм. Монголын хамгийн олон гишүүнтэй нам бараг зуун жилийн босгон дээрээ нэрээ өөрчилжээ. Яах вэ дээ, хувьсгалт нэрнээс ичсэн ч юм уу, жижигхэн косметик өөрчлөлт гэх үү дээ. Гэтэл тэр нь тус намын нэг “ширхэг” гишүүнд таалагдаагүйн улмаас санаа нийлсэн нөхөдтэйгээ бойкот хийгээд суучихаж. Тэр хэдхэн гишүүнтэй мөнөөх “том” нам “дайн” зарлаж сүүлийн 20 жилд намын даргаар ажиллаж байсан нөхөд цуглаж суугаад захиа бичиж гарын үсгээ зурсан ийм улс төр гэж байдаг юм болов уу. Ц.Шинэбаяр гэдэг тэр гишүүн нь ямар хүчтэй, чухал хүн бэ? Яагаад МАН түүнийг тоогоод эрт, эдүгээгийн дарга нараа цуглуулахад хүрэв гээд бодохоор инээдтэй л байгаа биз дээ. Тэдний толгойгоо нийлүүлж суугаад бичсэн захиа нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр руу чиглэжээ. Нийслэлийн зүүн хойд хэсэгт зүв зүгээр өргөөндөө сууж байгаа тэр хүнээс МАН гэдэг тийм том нам айсан байгаа юм. Тэгээд өөрөөс нь бусад үе үеийн дарга нар эсэргүүцлийн  захиа урлажээ. Эцсийн үр дүн нь юу байв? Насаараа захиа занаа, бичиг сачигтай зууралдсан Намбарын Энх­баярт нам тавиулдаг юм байгаа биз дээ.

Хээв нэг өөдөөс нь “Ард түмэнд өрөө төлцгөөе” хэмээн уриалж эвгүй байдалд оруулсан Н.Энхбаяр “Та нарын бүдүүлэг захидлыг аваад улс төрөөр оролдохгүй гэвэл улс төр надаар оролдох юм байна” гэсэн үг иш татаад “Намайг идэвхгүй суулаа гээд дайрч байгаа бол миний бие цаашид зөв юмны талд цөөхүүлээ  ч байсан баттай зогсч идэвхтэй ажиллах болно” хэмээв.  Дуэльд дуудсан мэт сэтгэгдэл төрүүлсэн түүний яриа МАН-ыг улам хурцлав. Эхлээд цөөн хэдэн гишүүн нам дотроосоо шударга ёсыг нэхсэн захиа бичив. Түүнээс болж намын генсек нь “Ална” гээд аваад хаячихлаа. Ичиж эмээх нь байтугай сонины нүүр дүүрэн ярилцлага өгчихөөд ердөө маргааш нь 5000 хүнтэй жагсаал зохион байгуулав. Тэдний хэрүүлийг дэмжиж 5000 хүн ирсэн гэхэд итгэмээргүй. Мөрөөдлийн тоо ч юм уу, эсвэл У.Хүрэлсүхийн залуус тэгж хурдан хугацаанд том хүч бүрэлдүүлээд сурчихсан ч юм уу, сэжигтэй л байгаа юм. Ямар ч байсан шинэ, хуучин үеийнхний  хагарал онцгүй уур амьсгалыг бүрдүүллээ. Өөр асуудал. Засгийн газрын нэг гишүүнийг ажилдаа хайнга хандлаа, хариуцлага алдлаа хэмээн УИХ-ын нэр бүхий гурван гишүүн асуудал тавьлаа. Үүний өмнө өөр нэг гишүүний асуудлыг өргөн мэдүүлсэн боловч Засгийн газрын тэргүүн, намын дарга нь түүнийг өрөөндөө дуудаад “Дуугүй бай” гэсэн команд өгсөн байгаа юм. Ингээд долоон шалтгаантай огцрох асуудал нь хэлэлцэгдсэн Д.Зоригт сайд эцсийн даваагаа давж, тэнсэн аваад өнгөрлөө.

Мөнөөх гишүүд дахиад ноцтой 10 баримт байгаа шүү гэж занаад өнгөрөв. Тэр сайд яаж ажиллах вэ. Ямар итгэл үнэмшил, ирээдүйгээр энэ салбарын ажлыг урагшлуулах вэ гэдэг асуудал бүрхэг байгаа биз. Нөгөөтэйгүүр 76 гишүүн хариуцлагагүй байгаагаас санал хураалтад хэд нь оролцох, хэдийг нь өөрийн талд оруулахаа урьдчилан тооцоолчихоод  байгаа нөхцөлд УИХ Засгийн газарт хяналт тавьж, хариуцлага тооцно гэж хэзээ ч байхгүй гэдгийг   Д.Зоригтын асуудлыг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдаан харууллаа. Монголчууд цөөхүүлээ, нутгархах үзэл цусанд нь хүртэл шингэчихсэн, хуйвалдааны аргад олон арван жил суралцсан. Энэ тохиолдолд ил санал хураалтаар огцруулна  гэж байхгүй юм байна. Ийм л марзан улс төрийг оноогоод хэлчих монгол үг ч олдохоо байчихаад байна.

Хөршүүд маань ч гэсэн тийм ч дардан замаар яваагүй. Гэхдээ марзан тохиолдол, эмгэнэлт жүжгүүд нь арай цөөн. Ядаж л түүнийгээ нууцалж чаддаг бололтой. Яг одоо Ерөнхийлөгчийн  айлчилж  буй Швейцарийн холбооны улс гэхэд л шууд ардчилсан тогтолцоотой орон аж. Эрх мэдэл нь парламент, Засгийн газар, шүүхийн алинд ч биш, ард түмний гарт байдаг. Манайхан бол үлгэр л гэж бодно. Тэгээд шийдвэр, дүрэм журам, төсөв батлах, томоохон гэрээ хэлэлцээр хийхэд хүртэл заавал иргэдээр хэлэлцүүлж, тэдний саналыг авч байж шийдвэр гаргадаг байна. Парламентын баталсан хууль иргэдийн эрх ашгийг хөндсөн л гэж үзвэл санал асуулга явуулдаг. Жишээ нь манай УИХ шиг “Урт нэртэй хууль зөв, буруу” гэхчлэн маргаад байхгүй. Алт олборлогч ч, уурхайчин ч гэсэн иргэн болохоор санал асуулгад оролцоно. Ард түмнээс зөрсөн шийдвэр гэж байдаггүй аж. Энэ чинь л эрээд байсан ардчилал маань байж шүү дээ.

Бид хорь гаруй жил ардчилал гэж бэдрэхдээ дандаа буруу замаар яваад байсан юм уу гэх гуниг эрхгүй төрнө. Гэхдээ ардчилал өөрөө коммунизмын нэгэн адил төгс төгөлдөр оргил бус, үл гүйцэлдэх хэмжүүртэй байдаг бололтой. Гол нь хүрэх зам нь зөв, тэмцэгчдийнх нь оюун санаа цэвэр тунгалаг, арга барил нь стандартын дагуу байх ёстой юм байна. Харин одоо “Underground” улстөрчдийг төрхөмд нь буцаахаас өөрөөр алдааг нь засахад хэцүү л болов уу.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж