УИХ-ын гишүүн Я.Батсуурийг “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр “Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөaлт оруулах хуулийн төсөл санаачилжээ.
-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамaгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай буюу олны нэрлэснээр “Урт нэртэй” хууль батлагдаад хоёр жил болох гэж байна. Хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлээгүй байж төр, хувийн хэвшлийнхний дунд том зөрчил үүсгэж байгаа шалтгаан нь юу вэ?
-Энэ хуулийг нэлээд сайн бодож, боловсруулж, судалж батлах байсан. Гэтэл УИХ “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр хуулийн төслийг яарч батлах тохиолдол олон бий. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх дээрээ тулсан чинь нийгэмд асар олон сөрөг үр дагавар гаргахаар байна.
Нэгдүгээрт, лиценз хураасны нөхөн төлбөртэй холбоотой, төр дааж давахгүй өрд унах асуудал гарч байна. Хоёрдугаарт, уул уурхайн салбарын хөгжилд уналт бий болгох нь. Олон компани санхүүгийн хүнд байдалд орж байна. Үүнийг дагаад банкны салбар хүндрэх магадлал өндөр байна. Мөн лицензээ хураалгасан компаниудад ажилладаг хэдэн мянган хүн ажилгүй болох судалгаа байгаа.
-Уурхайчид лицензээ хураалгавал нинжа болохоос өөр аргагүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр татвар төлдөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй нинжагийн тоо хэдэн мянгаар нэмэгдэх байх даа?
-“Урт нэртэй” хуулийн нэг сөрөг тал энэ. Компаниудын үйл ажиллагааг зогсоочихоор зөрөөд нинжа нар тэр талбай руу орно. Яагаад гэвэл хамгийн хуульд захирагддаггүй, хэцүү хүмүүс чинь нинжа нар шүү дээ. Үнэндээ тэдэнд хариуцлага хүлээх чадвар ч байхгүй. Тэгэхээр тэднээс нөхөн сэргээлт шаардаад ч нэмэргүй. Харин компаниудад хариуцлага тооцох олон арга бий. Дээр хэлсэн эрсдэлд хүрэлгүй уул уурхайн салбарт өөр хуулийн орчин бий болгох арга байсан.
-Ямар арга вэ?
-Уул уурхайн компаниуд чанаргүй нөхөн сэргээлт хийснээс болж “Урт нэртэй” хууль батлагдсан. Дэлхий дээр ашиглаж болохгүй газар гэж байхгүй. Харин ашигласан газраа хуучнаас нь илүү нөхөн сэргээх боломж шинжлэх ухаан, техникийн ололтын үр дүнд бий болсон. Нэг модыг огтлоод оронд нь 10 мод тарих боломжтой. Энэ хуулийг эргэж харахын тулд хөгжилтэй улс орнуудын өндөр технологиор нөхөн сэргээлт хийх стандарт тогтоох ёстой. Орчин үеийн шаардлагад нийцсэн нөхөн сэргээлт хийвэл баялгийг нь ашиглаж болохыг хуульчилж өгмөөр байна.
-Та энэ саналаа “Урт нэртэй” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлдөө тусгасан уу?
-Компаниудад нөхөн сэргээлтийн стандарт, тавих шаардлагыг өндөр болгож хуульчлах ёстой. Нэгэнт хөрөнгө, хүч хөдөлмөрөө гаргаад уул уурхайн салбарт ажиллаж байгаа компаниудын лицензийг хураалгүй, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх ёстой. Харин шинээр лиценз олгохгүй байх нь зөв. Ингэвэл төр, хувийн хэвшлийнхний үл ойлголцол арилна. Бас нэг талд нь төр дааж давшгүй их өрд унаж, нөгөө талд нь уул уурхайн салбар уналтад орох эрсдэлээс гарах болно. Ер нь хэтэрхий туйлширч баталсан хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй.
-Мод, устай газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглохыг хуульчилсныг туйлширсан гэж үзэж байна уу. Эсвэл өөр шалтгаан байна уу?
-Мод ургасан, гол урссан газар бүрт олборлолт явуулахыг хориглох юм бол стратегийн ордыг л ашиглана. Энэ утгаараа эдийн засгийн хувьд хэрэгжихэд хүндрэлтэй. Яагаад гэвэл өнөөг хүртэл маш олон лиценз олгосон. Олон ч компани хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл “Уучлаарай бид лиценз олгосон нь буруу байж. Одоо лицензүүдээ буцаагаад авах ёстой” гэвэл Монгол Улсын төр, Засгийн газрын нэр хүнд олон улсад унана. Монголын хууль зүйн орчин тогтворгүй, тоглоомын дүрмээ байнга өөрчилж байдаг гээд хөрөнгө оруулагчдыг үргээх сөрөг үр дагавартай. Энэ хандлага стратегийн ордуудад ч нөлөөлөх эрсдэл бий. Ер нь энэ хуулийн агуулга маш их зөрчилтэй.
-Гишүүд байгалиа хамгаалж, ирээдүйгээ аврахын тулд гээд л олонхиороо гар өргөж энэ хуулийг баталсан шүү дээ. “Урт нэртэй” хуульд ямар зөрчил байна вэ?
-Агуулгын хувьд хангайд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж болохгүй. Харин говьд хамаагүй юм байна гэж ойлгогдохоор болсон тал бий. Гэтэл хангайгаас илүү говьд байгаль орчин хүнд байгаа. Цөлжилт ихэсч, хүн амьдрах аргагүй боллоо. Говиос сонгогдсон гишүүний хувьд говьд уул уурхай эрхэлж болохгүй гэсэн хуулийн төсөл бариад батлуулж болно. Ингэж туйлшраад байвал уул уурхайн салбар цаашлаад Монгол улс яаж хөгжих юм бэ.
-“Урт нэртэй” хуулийг эргэж хараад, төр энэрэнгүй хандвал уул уурхайн компанийнхан шаардлагатай бүх газарт нөхөн сэргээлт хийнэ гэдгээ амласан. Тиймээс таны хэлсэн өндөр технологиор нөхөн сэргээх боломж одоогоор Монголын компаниудад байгаа болов уу?
-Лиценз эзэмшиж буй компаниудаас харьцангуй өндөр зардалтай нөхөн сэргээлт шаардана. Ашигт малтмалын тухай хуулийн нөхөн сэргээлттэй холбоотой заалтуудыг чангатгана. Нөхөн сэргээлтийг өндөр хөгжилтэй орнуудад тавьдаг стандартаар хийхийг шаардах ёстой. Нөхөн сэргээлтийн олон улсын стандарт нэвтрүүлбэл байгаль орчноо сэргээгээд баялгийг нь хүртээд явах боломж бүрдэнэ.
-Төрийн бус байгууллагынхан болон орон нутгийн иргэд баялагт гар хүрэхгүй, онгоноор нь хойч үедээ үлдээнэ гэсэн шаардлага тавьдаг. Төр уурхайчидтайгаа зохицоод ажиллаа гэхэд иргэдтэй дахин зөрчилдөх юм биш үү?
-Уул уурхайн нөхөн сэргээлт хийдэггүй, муу хийж байгаль орчинд хохирол үзүүлсэн компаниудыг олон нийтэд зарлах ёстой. Компаниудын эздийг зарлаж дахиж уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахгүй байх талаас нь хуульчилмаар байдаг. Ер нь Ашигт малтмалын тухай хуульд олон өөрчлөлт оруулах ёстой. Тухайлбал, уул уурхайгаас төсөвт орж байгаа орлого тухайн орон нутагт наалдахгүй байгаа. Тухайн сум, багийн хувьд газар нутгаа ашиглуулаад илүү орлого олно гэсэн ойлголт байхгүй. Урамшуулал байхгүйгээс орон нутгийн иргэд уул уурхайн компаниудын дунд том зөрчил гардаг. Уг нь баялагтай суманд тодорхой хэмжээгээр илүү боломж, эрх олгохыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулмаар байна. Уул уурхайгаас орох орлогыг орон нутгийн удирдлагуудад давуу эрхтэйгээр хуваарилснаар ашигт малтмалын баялагтай сумынхан асуудлаа өөрсдөө шийдэх боломж бүрдэнэ. Харин одоо мөрдөж байгаа хуулиар баялгаа ашиглуулах нь орон нутгийнханд ямар ч ашиггүй. Тиймээс ч эсэргүүцэл, тэмцэл өрнүүлж байгаа юм.
-Орон нутгийнхан компаниудаас хандив авдаг нь нууц биш байх.
-Дээр хэлсэн асуудлыг хуулиар зохицуулаагүй учраас орон нутгийнхан уул уурхайн компанийн удирдлагуудыг шахаж хандив, мөнгө авдаг нь нууц биш болсон. Харамсалтай нь тэр мөнгөө уул овоо тахих, найр наадам тэмдэглэх зэрэгт зориулж үр дүнгүй ашиглах байдал түгээмэл байна.
-“Урт нэртэй” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төр хувийн хэвшлийнхэн учраа ололцох уу?
-Асуудлыг илүү оновчтой шийдэх боломжийг нээж өгөх гэж байгаа юм. Бодит байдал дээр нөхөн төлбөрийн мөнгө өгөх эдийн засгийн боломж төрд байгаа билүү. Компаниуд нөхөн сэргээлт хийхгүй байгаагаас л энэ хуулийг баталсан. Тиймээс цаашид уул уурхайн компаниуд зохих ёсны нөхөн сэргээлт хийгээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд зөрчилдөөд байх зүйлгүй.
-Таны боловсруулсан хуулийн төслийг Засгийн газрын өнөөдөр (өчигдөр)-ийн хуралдаанаар хэлэлцлээ. Хуулийн төслөө УИХ-ын даргад хэзээ өргөн барих вэ?
-Хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Ямар санал, дүгнэлт өгснийг мэдээгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР