Булган аймгийн хэмжээнд 16,1 мянга гаруй өрх, 58,4 мянга шахам суурин хүн ам аж төрж байна. Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээс дүгнэлт хийхэд хүн амын талаар анхаарал төвлөрүүлбэл зохих үзүүлэлт нэлээд байна гэж аймгийн удирдлагууд үзэж байна. Хүн амын өсөлтөд таатай нөлөө үзүүлэлтийн нэг болох төрөлт буурсан бол нас баралт нэмэгдсэн байна. Үүнийг баримтаар дурьдвал, 1264 хүүхэд төрсөн нь урьд оныхоос 9,6 хувь бага байгаа бол 415 хүн нас барсан нь 12,2 хувь нэмэгджээ.Түүнчлэн гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн хосууд 63,8 хувь буурч, гэрлэлтээ цуцлуулсан хосууд 2.2 дахин нэмэгдсэн нь гэр бүлийн тогтворжилтод анхаарах шаардлагатайг харуужээ. Аймгийн хэмжээнд өндөр настан, ганц бие 760 орчим хүн байгаа нь урьд оынхоос 1,3 хувь өссөн бол тэтгэвэр тогтоолгоогүй ахмад настан 17,6 хувь нэмэгдсэн байна. Төрүүлсэн хүүхдээ бусдад үрчлүүлэх явдал нэмэгдэн 25 хувь өссөн бол шилжин ирж суурьсан иргэний тоо ч урьд оны хэмжээнээс 35,1 хувь багассан нь хүн ам зүйн анхаарвал зохих асуудлын нэг гэж үзэж болно.
Ж.Мөнх-Очир