Кавказын салан тусгаарлагчдын лидер Доку Умаров видео илгээлт гарган Москвагийн метронд хийгдсэн террорыг өөрийн тушаалаар явуулсан гэж мэдэгдсэнийг Reuters агентлаг мэдээлэв. Мөн тэрээр террорист довтолгоог Оросын нутагт явуулна гэдгээ хэлсэн байна. Түүний хэлснээр метронд хийгдсэн аллага нь холбооны хүчнийхний Ингушийн Аршты ба Датых суурингуудад хоёрдугаар сарын 11-нд явуулсан тусгай ажиллагааны хариу болсон ажээ. Тусгай ажиллагааны үеэр 18 террористыг устгасан тухай албан ёсоор мэдээлсэн билээ. Энгийн таван иргэн хоригдсоны дөрөв нь нас барсан юм. Террористууд энгийн хүмүүсээр бамбай хийсэн гэж мэдэгдэж байлаа.
Умаровын илгээлтийг Москвад болсон дэлбэрэлтийн дараа гуравдугаар сарын 29-нд шууд бичлэг хийсэн байв. Бичлэгт ойрын үед хийгдэх бас нэг ажиллагааны талаар өгүүлсэн байлаа. Гуравдугаар сарын 29-нд Кизлярт цуврал аллага хийгдэхэд цагдаагийн ажилтнууд голлосон 12 хүн амиа алдаж, 29 хүн шархадсан байлаа.
Москвагийн метроны Сокольникийн шугамын "Лубянка" ба "Парк культуры" станцуудад дэлбэрэлтийг амиа золиослогч эмэгтэйчүүд гуравдугаар сарын 29-нд үйлдсэний улмаас 39 хүн амиа алдан 95 хүн шархаджээ. Лхагва гаригт орос хэлээр гардаг Гүржийн "Первый кавказский" сувгаар аллагад Оросын тусгай албаныхан буруутай гэсэн Умаровын радио илгээлтийг тараасан байна.
Доку Умаров нь " Кавказын Эмират"-ын тэргүүн бөгөөд Чеченийн салан тусгаарлагчдын лидер юм. 2006-2007 онуудад өөрийгөө тунхагласан Ичкерия улсын Ерөнхийлөгч байсан ба өмнө нь Аслан Масхадовын армийн баруун фронтыг командалж байжээ. Хожим Орост хийгдсэн терроруудыг зохицуулж байжээ. Тухайлбал, тэрээр Невскийн хурдан галт тэрэгний замд хийгдсэн хоёр дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө авч байгаа билээ.
Доку Умаров метронд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө авчээ
Доку Умаровын видео илгээлт. YouTube сайтын скриншот