Тус аймагт онцгой байдал зарлаж, аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Улиастай сумын Засаг даргын тамгын газар, Хот тохижилтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Багууд, хэлтэс агентлаг, байгууллагуудаас цуглуулсан шуудайнд шороо хийж, үерийн далан барьж мөн шаардлагатай газруудад шороо асган, үерт автаж болзошгүй 274 айлд нүүх тухай албан мэдэгдэл өгчээ. Шаардлагатай нөхцөлд Улиастай сумын тамгын газраас машин техник гаргаж, хүн хүчийг дайчлан ажиллуулж байгаа бөгөөд цаашдаа үерийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа тул айл өрхүүдэд сэрэмжлүүлэг мэдээг тасралтгүй дамжуулж байгаа гэнэ.
Аймгийн төвийн онгоц буудлын чиглэлийн сайжруулсан замын үерийн ус зайлуулах даланг буруу тооцоолсноос өнгөрсөн жил шинээр тавьсан зам уулын үерийн улмаас тав, зургаан газар тасарч зам дээгүүр одоогийн байдлаар гол урсахтай адил үерийн ус буун, замыг сэтэлж байгаа аж. Аймгийн төвийн гэр хорооллын айл өрхүүд гүний худгаас тээвэрлэсэн усыг худалдаж авахаас илүүтэйгээр гол усны усыг ундандаа хэрэглэж байгаа нь шар усны үерээр дамжин малын сэг зэм, хог ихээр урсаж, голын устай нийлж байгаа тул халдварт өвчин гарах магадалыг өндөрсгөж байна гэж орон нутгийн удирдлагууд мэдээлжээ.
Д.Долгор