Арван долоон жилийн дараа Бэрнард Хопкинсд Рой Жоунсаас хариугаа авах боломж олдож байна. Энэ долоо хоногийн ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 4-ний өглөө (Улаанбаатарын цагаар) АНУ-ын Лас Вегас хотноо харьж яваа хоёр боксчин дахин рингэн дээр тулах юм.
Тэдний 1993 онд хийсэн эхний тулаанд Жоунс ялж, Олон Улсын Боксын Холбооны дунд жингийн Дэлхийн аварга болж, гайхалтай боксын замналаа эхэлж байсан. Харин энэ удаагийн тулаанд сүүлийн 10 тоглолтондоо 5 ялж, 5 ялагдсан Жоунс дахин амжилтаа сэргээхийн төлөө Хопкинстой тулах гэж байна. Бэрнардын хувьд өнгөрөгч 1-р сард 45 нас хүрсэн ч Жоунсыг бодвол арай илүү яваа. Хоёр боксчин маань 2009 оны 12-р сарын 3-нд сүүлчийн тулаануудаа хийсэн ба Рой Жоунс Дэнни Грийнд эхний раундад хүнд цохиулж ичгэвэртэйгээр ялагдсан бол Хопкинс төрөлхи хот Филадэлфиадаа Энрикэ Орнэласыг шүүгчийн шийдвэрээр хожсон юм.
Хопкинс, Жоунс нарыг дахин ийнхүү таарна гэдгийг таахад бэрх байсан юм. Учир нь 17 жилийн өмнөх тулааны дараа буюу 1994 онд Жоунс дунд жинд тоглохоо больж, харин Хопкинс түүний оронд Аварга болон 2005 он хүртэл жиндээ ноёлсон билээ. Жоунсын хувьд жингээ сольж, улмаар супер дунд жин, хагас хүнд жинд тус тус Дэлхийн Аварга болсон юм. Харин 2003 онд Жоунс тухайн үеийн хүнд жингийн аварга Жон Руизтай тулж, шүүгчийн шийдвэрээр хожиж, 100 гаруй жилийн дараа дунд жингийн аварга асан боксчин хүнд жингийн Дэлхийн Аваргын бүсийг зүүсэн юм. Хопкинс, Жоунс нарын хоёр дахь тулаан болно гэсэн яриа 2009 онд дэгдэж эхэлсэн бөгөөд хоёр тал тохиролцож чадсан юм. Рой Жоунс дахин Бэрнард Хопкинсоор боксын замналаа сэргээж чадах уу? Энэ асуултын хариултыг Ням гарагийн өглөө авах болно.
Г.Идэр-Ууган, Score Studio