Түүхэн хар амжилтаас зугтаасан Нэтсийг гэрэлт ирээдүй хүлээж байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Түүхэн хар амжилтаас зугтаасан Нэтсийг гэрэлт ирээдүй хүлээж байгаа юу?

Ордонд цугласан үзэгчид, багийн удирдлага, тоглогчид, дасгалжуулагчид бүгд л нэг санаа амарч, бүр ордны хөтлөгч “Бид 10 дахь хожлоо авлаа!!!!!!!!” хэмээн баяртай нь аргагүй орилж байсныг сонсоход Нью Жерси Нэтс ёстой л нэг хар түүхийн эзэд болохоос зугтаж чадсан юм. Одоохондоо 1972-73 оны “Филаделфиа 76” баг 9-72 гэсэн амжилтаараа хар түүхийн эзэд хэвээрээ үлдлээ.
Энэ жилийн Нэтс гэв гэнэт сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь хожиж, 10-64 гэсэн амжилттай болсон ч маш муу багуудын нэгд тооцогдох нь ойлгомжтой. Гэхдээ тэд НБА-гийн түүхэн дэх хамгийн муу нь гэж нэрлэгдэхээс л айж байсан юм.
“Бид түүхэн дэх хамгийн муу багийн нэг хэсэг болохыг хүсээгүй. Тиймээс ч 10 хожил авсандаа маш их баярласан. Гэхдээ энэ бол бидний дөнгөж 10 дахь хожил байлаа,” гэж Нэтсийн холбон тоглогч Дэвин Харрис “Сан Антонио Сперс”-ийг хожсон тоглолтынхоо дараа хэллээ.
Хэдийгээр мартмаар улирлыг өнгөрөөж байгаа ч Нэтсийн хувьд энэ зун их юм хурдан өөрчлөгдөх шинжтэй байна. Шинэ эзэн Орос тэрбумтан Михайл Прохоров Америкийн нэрт телевизийн нэвтрүүлэг “60 минут”-аар орсныг тоглогч, дасгалжуулагчид бүгд л үзсэн нь мэдээж. Нэгэнт Нэтсийг 700 сая ам.доллараар худалдаж авах түүний саналыг NBA зөвшөөрсний дараа энэ баг огцом хувирах нь ойлгомжтой.

Авахыг хүссэн тоглогч, хөлслөхийг хүссэн дасгалжуулагч, хөрөнгө оруулахыг хүссэн бизнессийн санаа тэр бүгдийг биелүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Прохоров гаргаж өгөх биз. Түүнийг томоор бодож, бүр ч илүү томоор сэтгэдэг нэгэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тийм ч учраас Чөлөөт Агентийн зах нээгдэх тэр өдөр буюу 7-р сарын 1-нд түүний хувийн онгоц, алдарт рэппэр Жэй-Зигийн (Нэтсийн хувьцаа эзэмшигч) онгоцны хамт Кливлэнд хотын Эйкрон-Кантон нисэх онгоцны буудалд буух болно. ЛэБрон Жэймсийг багтаа элсүүлэх явдал хэдийгээр хэцүү ч, мөнгийг олон саяар нь цацахад бэлэн байгаа багийн эзэн, ЛэБроны сайн найзуудын нэгтэй байхад Нэтсд боломж байлгүй яахав.

Хэрэв энэ зун ЛэБрон Кавалиэрс багтаа үлдэхээр шийдвэл Нэтс түүний араас дараа дахин явах нь илүү ч хувилбар байж магадгүй. ЛэБрон ямар ч багт очсон, бага хугацааны буюу гурван жилийн гэрээг хийх байх. Харин тэр хугацаанд Нэтс шинэ хот Нью Йорк руугаа нүүгээд тохижчихсон, залуу төвийн тоглогч Брүүк Лопэз нь Бүх Одын хэмжээнд хүрчихсэн байна.
Энэ зун Нэтс бас зүгээр суухгүй ээ. Чөлөөт Агентаас Карлос Бүүзэрийг авахыг хүсч байгаа тэд Мэмфисийн залуу од Рүди Гэйг хүртэл сонирхоод авсан. Дасгалжуулагчийн хувьд эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд Жэфф Ван Гандиг ихээхэн сонирхож байгаа гэнэ. Дараа жил дасгалжуулна гэдэгээ Ван Ганди хараахан илэрхийлээгүй байгаа ч Прохоровын мөнгө түүнийг телевизээс нь салгачих биз.
NBА-гийн улирлын хамгийн муу багаар шалгарах нь бас сайн талтай. Арван хожигдолтой Нэтс хамгийн муу амжилттай багаар улирлыг дуусгавал энэ зун болох NBA-гийн Драфтын сугалаанд хамгийн түрүүлж сонгох эрхийг авах хамгийн өндөр магадлалтай нь байна. Драфтын 1-р сонголтын хувьд Кентаки их сургуулийн хамгаалагч Жон Уоллыг авах магадлал өндөр байгаа ч азгүйтэж 2 дахь сонголтыг хийх болвол Охайо мужийн их сургуулийн Эван Төрнэрийг Нэтс авах юм. Аль аль тоглогч ЛэБроныг авчрахад туслах нь дамжиггүй.
Нэтс багтай холбоотой хүн бүрийн хувьд одоо гэрэлт ирээдүй рүү алхах цаг нь боллоо. Арав дахь хожлоо авчаад баярлаж байгаа тэд одоо харин НБА-гийн элит багуудын нэг болохын төлөө явах хэрэгтэй. Учир нь Орос баян ирж явна.
Г.Идэр-Ууган, Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж