Газрын тосноос ихээхэн хамааралтай тус улсын хувьд дээрх шийд нь алсыг харсан эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой шийд бөгөөд АНУ-ын түлш хэрэглэдэг бүх автомашин, хий, эрчим хүч хэрэглэдэг бүх аж үйлдвэрийн салбарт нөлөөлөх болно. Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн том шинэчлэл хийсэн ерөнхийлөгчийн хувьд лхагва гаригт гаргасан шийдвэр нь дайчин бөгөөд прагматик юм. Хэдийгээр бид байгальд ээлтэй машинтай болж, цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, байгалиа, далайн эргийн эко системүүдийг хамгаалахыг зорьж байгаа ч гэсэн манай үндэстэнд газрын тос илүү их хэрэгтэй байна гэж Обама хэлсэн.
“Бид дуртай үедээ, хаа сайгүй өрөмдлөг хийж болохгүй. Гэхдээ бидний эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдал биднээс эрчим хүчний илүү их нөөц шаардаж байгааг үл тоомсорлон өнгөрөхийн аргагүй” гэж “Andrews” нисэх хүчний бааз дээр болсон үйл ажиллагааны үеэр мэдэгдсэн.
Обамагийн шийдийг байгаль хамгаалагчид мэдээж эсэргүүцэж байгаа бөгөөд түүнийг дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Sarah Palin-тай зүйрлүүлж байна. 2008 онд Бүгд найрамдах намын үндэсний конвенц дээр Sarah Palin-ы хэлсэн үгийг нь байгаль хамгаалагчид ёжлон “Өрөмдөөд бай, хонгор минь, өрөмдөөд бай” гэж дуу зохиож байсан. Байгаль хамгаалагчид Обамаг “далайруу бүх хүчээр довтлох гэж байна” гэж буруутгаж байна.
Улс төрийн мэдрэмжтэй Вашингтоныхон Обамагын шийдвэрийг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой хуулийн төсөл дээр Бүгд найрамдахчуудын дэмжлэгийг авах гэсэн тоглолт гэж үзэж байна. Нүүрстөрөгчийн хий ялгаруулалтыг хязгаарлах тухай хуулийн төсөл Сенатаар батлуулахын тулд Обамад Бүгд найрамдах намын /БНН/ дэмжлэг хэрэгтэй байгаа бөгөөд газрын тос олборлохыг зөвшөөрсөн шийд нь тэднээс цөөн боловч алга ташилт хүлээн авах болно.
Газрын тос, шатахууны үнэ 2008 оны дундуур тэнгэр хадсан үнэтэй болох үед Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгч болсон George W. Bush Конгресстай хамтран зарим хязгаарлагдмал бүсийн газрын тосны хоригийг цуцалж байсан.
Т.Санаа