С.Баярцогт: Монголын тал 53 хувийн ашиг авна

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

С.Баярцогт: Монголын тал 53 хувийн ашиг авна

Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз монголиа инк” компанийн хооронд байгуулсан Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хоёр тал 2010 оны дөрөвдүгээр сарын 6-ний дотор баталгаажуулах ёстой. Харин Засгийн газар товлосон хугацаанаас зургаа хоногийн өмнө төслийн Техник эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/-ийг батлав. Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдэгдлээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулахад Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз монголиа инк” компаниудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын урьдчилсан нөхцлүүд болох арван зүйл бүхий ажлыг зургаан сарын дотор багтаан биелүүлсэн. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдийн УИХ-ын даргад хандан тавьсан “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь УИХ-ын 40, 57 дугаар тогтоолуудыг зөрчсөн” гэх асуудлыг хариуд Засгийн газрын зүгээс “хууль зөрчөөгүй” гэсэн хариултыг өгч байна. Оюутолгойн орд газрын ашиглалтын ТЭЗҮ-ийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хөрөнгө оруулагч талд тодорхой шаардлага тавин буцааж, хэд хэдэн удаа авч хэлэлцсэний хүр дүнд нааштай өөрчлөлтүүд гарсан хэмээн үзэж хүлээн авсан зэргийг үндэслэн өчигдөр Засгийн газрын ээлжит хурал­даанаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор баталгаажуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах их ажил эхэлж байгааг сайд нар зарлалаа. Оюутолгойн орд газар дэлхийд нөөцөөрөө тавд орно. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тус орд газрын зэсийн нөөцийг 44 сая тонн хэмээн бүртгэж авсан, дор хаяж 100 жил ашиглана гэж эрдэмтэд тооцоолж буй. Тиймээс Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын төсөл дээр голлох үүрэгтэйгээр ажилласан Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутолгойн ордын 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшинэ. Үүний Монгол Улсад тусах эдийн засгийн өгөөж хэр байх вэ? Ир­гэний хөдөлгөөнийхөн бол үүнийг “ашиггүй” гэж үзэж, харин УИХ-ын нэр бүхий гишүүд “УИХ-ын тогтоолоор өгөгдсөн заалтууд зөрчигдлөө” гэж мэдэгдсэн?

-Оюутолгой бол дэлхийд нөө­цөөрөө тавд орох орд. Шууд утгаараа 3000-4000 ажлын байр бий болгоно. Шууд бус утгаараа 10 мянган ажлын байр бий болгоно. Монгол Улсын эдийн засагт нэрлэсэн үнээрээ 40 гаруй триллион төгрөгийн хөрөнгө оруулалт оруулна.  Монгол Улсын өнөөдрийн үндэсний нийт бүтээгдэхүүн 7.1 триллион төгрөг байдаг. Оюутолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар үүнээс даруй 6-7 дахин их хэмжээний хөрөнгө оруулалтыг авах бололцоо бүрдэнэ. Нэрлэсэн үнээр нь тооцож үзэхэд 53 хувийн ашгийг Монгол Улс авах тооцоо гарч байгаа. Өнөөгийн үнэ цэнээр нь тооцвол 66 хувийн ашиг авна.  Оюу­толгойн орд газрын хөрөнгө оруулал­тын гэрээг эсэргүүцэж байгаа хүмүү­сийн зүгээс янз бүрийн мэдээлэл цацаж,  хүмүүсийг төөрөгдүүлсэн зүйл бий. Засгийн газрын зүгээс тодорхой бодитой мэдээлэл өгсөн гэж бодож явсан ч бас л хангалтгүй байсан бололтой.

-УИХ-ын тогтоолыг зөрчсөн гэх асуудлыг юу гэж тайлбарлах вэ?

– УИХ-ын 57, 40 дугаар тогтоолын тухайд, тухайлбал,  40 дугаар тогтоол дээр татвар хураамжийг урьдчилгаа төлбөрөөр авч болно гэсэн заалт бий. Энэ бол зээл биш, урьдчилгаа төлбөр. Тиймээс Оюутолгойн хөрөнгө оруу­лал­тын гэрээнд УИХ-ын 57, 40 дүгээр тогтоолыг зөрчсөн нэг ч зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Тэгээд ч УИХ-ын гишүүд асуудлыг Засгийн газарт тавиагүй.  Энэ асуудлыг анхаараач ээ гэж УИХ-ын даргад хандсан. УИХ-ын даргын хүсэлтээр энэ асуудлыг Аюулгүй байдал,  гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед би илүү тодорхой тайлбарлана.

-Урьдчилгаа 250 сая ам.доллар хүүтэй зээл болоод хувирчихсан нь ямар учиртай юм ?

-Урьдчилгаа төлбөр дотроо олон янз. Тухайлбал, ямар нэг төлбөр­гүйгээр шууд авах бололцоо байдаг. Татвар хураамжийн төлбөрийг урьд­чилж авах тохиолдолд өнөөгийн үнэ цэнэ, нэрлэсэн үнэ цэнэ гэсэн ойлголт гардаг. Үүн дээр хүү боддог. Оюутол­гойн ордыг 2013 онд ашиглалтад оруулна. Бид нэг ёсны 2013 оноос төлөх ёстой татварыг 2009 онд авч байгаа юм. Тэр үед өгөх ёстой 100 сая ам.доллар, өнөөдөр өгөх 100 сая ам.долларын хооронд ялгаа их гарна аа даа. Үүнийг өнөөгийн үнэ цэнээр бодоод гаргахаар өнөөдрийн бидний тохирсон 2 хувийн хүү бол билэг тэмдгийн чанартай хүү болж байгаа юм. Ингэснээрээ монголчууд л хожиж байгаа. Хожиж байгааг өнөөдөр та нар мэдэрч байгаа. Энэ бол хэлэл­цүүл­гийн шатанд гарсан ахиц.

-Хожсон гэдгийг та ямар утгаар хэлээд байна вэ?

-2009 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр америк долларын ханш 1445 төгрөгтэй тэнцэж байсан. Өнөө­дөр ам.доллар 1300-гаас доош орсон. Цаашид төгрөг дандаа чангарна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр авч байгаа доллар дөрвөн жилийн дараа ойрол­цоогоор 70-80 сая ам. доллар төлөх хэмжээний ашиг гарна. Тэгж байж өнөөгийн үнэ цэнэ гэдэг нь ойлгогдоно.  Тийм учраас тодорхой хүү тавьдаг. Анх хэлэл­цээрийн ширээний ард сууж байхад хөрөнгө оруулагчдын зүгээс урьдчилгаа төлбөрийн дундаж хүү 9,9, үүнийгээ америкийн хэрэглээний индекстэй тэнцүүлэх гэсэн асуудал тавьж байсан.  Тийм учраас одоогийн хоёр хувийн хүү маш дэвшилттэй зүйл. Олон удаа стратегийн орд газрууд дээрээ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа та бүхэн учрыг нь олно.

-Урьдчилгаа төлбөрийн 50 сая ам.доллар хэзээ орж ирэх боломжтой вэ?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсоноос 14 хоногийн дараа 50 сая ам доллар орж ирэх ёстой. Бидний тохиролцсоноор хөрөнгө оруулагч тал дөрвөн сарын 2-нд чекээ өгөөд дөрвөн сарын 5-нд дансанд орж ирнэ гэдгийг албан ёсоор баталгаажуулсан. Тиймээс энэ 50 сая ам доллар, дараа орж ирэх 100 сая ам.доллар дээр бонд бичих шаард­лагагүй болж байгаа. Яагаад эхний 100 сая ам.доллар дээр бонд бичсэн бэ гэхээр Оюутолгойн хөрөнгө оруулал­тын гэрээ баталгаажих хүртэл зургаан сарын хугацаа байсан. Хэрвээ энэ хугацаанд гэрээ хүчин төгөлдөр болж чадахгүй бол Монгол Улсын Засгийн газар эхний 100 сая ам.долларыг буцааж төлөх үүрэг хүлээх байсан учраас бонд бичсэн.

-Оюутолгойн ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг хэзээ томилох вэ?

-Оюутолгой ХХК-ийн ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний гурав нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Төрийн өмчийн хорооноос томилогдоно. Засгийн газрын зүгээс томилох гурван хүнд үндсэн гурван шаардлага тавьж байгаа. Бүх хурал нь англи хэл дээр явагдах учраас англи хэлтэй байх. Монгол Улсын эрх ашгийг Удирдах зөвлөл дээр төлөөлөх, Удир­дах зөвлөл дээр хэлэлцсэн асуудлыг олон нийтэд иргэдэд хүргэж байх үүрэгтэй. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу Засгийн газраар хэлэлцүүлж, Үндэс­ний аюулгүй байдлын зөввлөлөөр хэлэлцээд Төрийн өмчийн хороонд танилцуулна. Энэ ажлыг ойрын хугацаанд хийнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж