
Буянт-Ухаа дахь “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас БНСУ-ын 13 иргэн 13.3 кг алт гаргасан хэрэгт сэжигтнээр татагдан Тагнуулын Ерөнхий газарт шалгуулж буй. Тэгвэл дээрх 13 иргэний хамсаатан болох тус улсын хоёр иргэн хоёр кг алт хилээр авч гарсан болохыг нь тагнуулынхан тогтоогджээ. Тиймээс ТЕГ-аас тус улсын Прокурорын байгууллагад хандан Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчин хилээр алт гаргаж нутаг буцсан хоёр иргэнээ шалгаж өгөхийг хүссэн албан тоот явуулжээ. Манай улсад шалгуулж буй Өмнөд Солонгосын 13 иргэн нь өнгөрсөн аравдугаар сарын 14-ны өдрийн 23.00 цагийн “Korean air” 868 дугаар нислэгээр шулуун гэдсэндээ цувимал алт гялгар уутанд хийж гарахыг завдаж тагнуулын ажилтнуудад баригдсан юм. Тэднийг шалгаж эхэлснээс хойш солонгосын талаас цагдан хоригдож буй иргэдээ батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч уг хүсэлтийг манай тал хүлээн аваагүй юм.
Н.Түвшин