“Нисдэг завь”-тайгаа 40 хоногт дэлхийг тойрох гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

“Нисдэг завь”-тайгаа 40 хоногт дэлхийг тойрох гэнэ

Усан дээрх хурдны дэлхийн дээд амжилтыг эвдсэн аварга том “нисдэг” завины ахмад 40 хоногийн дотор дэлхийг тойрох мөрөөдөлтэй гэнэ. Завь гэхээсээ илүүтэй онгоц мэт харагдах “Hydroptere” нэртэй хувьсгал хийсэн дарвуулт завины ахмад Алаин Тебаултын дараачийн зорилго нь 40 хоногийн дотор дэлхийг тойрон далайгаар аялах ажээ. Тэрбээр “Миний мөрөөдөл бол 40 хоногт дэлхийг тойрох явдал. Энэ бол миний зүрх сэтгэлд ойрхон төлөвлөгөө, үүндээ ч итгэж байна” гэжээ.
Дэлхийн хамгийн хурдан дарвуулт завинд тооцогдох болсон “Hydroptere” нь усан доорх далавч хэмээн нэрлээд буй сэлүүрийнхээ тусламжтайгаар хурдаа авах бөгөөд усны мандал дээгүүр 18-24 метрийн зайд “нисэх” юм. Уг завийг бүтээсэн Тебаулт амьдралынхаа 25 жилийг энэ ажилд зориулсан бөгөөд өдгөө тэр үеэ дурсан “Олон жилийн өмнө намайг нисдэг завь хиймээр байна гэж хэлэхэд хүмүүс намайг галзуу гэдэг байсан” хэмээн ярьжээ. Тебаулт болон түүний багийнхан “Hydroptere”-ийг 2009 оны сүүлээр бэлэн болгож, улмаар цагт 100 км-ын хурдтай усан дээгүүр давхиж, дэлхийн хамгийн хурдан завь гэх албан ёсны тодотголтой болсон юм. Харин өдгөө тэд дэлхийг 40 хоногт тойрохоор “Hydroptere Maxi” гэх сайжруулсан, том хувилбарыг бүтээхээр ажиллаж байгаа гэнэ. 30х30 метр хэмжээтэй байх “Maxi” нь 10 далайчдын хамт далай тэнгисийг гаталж, дэлхийг тойрч чадна гэдэгт тэд итгэлтэй байгаа юм. Уг дарвуулт завь 2013 он гэхэд бэлэн болох ажээ. Сонирхуулахад, Тебаулт 2011 онд Номхон далайг гурав хоногт багтаан туулахаар аялалд гарах гэнэ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж