УИХ-ын гишүүн Н.Батсуурь:
-Монгол төгрөгийн ханш чангарч, долларын ханш унаж байгаа дүр зураг манайд ажиглагдах боллоо. Ийм тохиолдолд зээлийн хүүг бууруулахгүй бол хэрэглэгчдэд хүндрэлтэй тусах биш үү?
Сайд С.Баярцогт:
-Цаашид ч монгол төгрөгийн ханш чангарна. Уул уурхайгаар дамжиж, асар их мөнгө манайд орж ирнэ. Нөгөөтэйгүүр, уул уурхайн үйлдвэрлэл хөгжихөөр бусад салбар өрсөлдөх чадваргүй болдог. Уул уурхайн салбар уналтад оронгуут тухайн улсын эдийн засаг сульдаж, хүнд байдалд ордог. Үүнийг голланд өвчин гэж нэрлэдэг, энэ өвчний халдварыг авахгүйн тулд Монгол Улсын Засгийн газар уул уурхайгаар орж ирсэн хөрөнгийг иргэддээ хувь хишиг болгон хүртээх, бусад салбараа хөгжүүлэхэд зориулж, хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Жилийн найман хувийн хүү гэдэг хамгийн бага хувь шүү дээ, өнөөгийн Монголын нөхцөлд.
УИХ-ын гишүүн Н.Ганбямба:
-Засгийн газрын зүгээс иргэдийг орон сууцжуулахад зориулж үүнээс ч их хөрөнгийг гаднаас татах хэрэгтэй байна. Тэгээд жинхэнэ хэрэгцээтэй хүмүүст хүргэх. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн жил 30 тэрбум төгрөг төсөвлөөд л, сүржигнэцгээсэн, яав. Гачууртын н.Чинбат мэтийн нөхдүүд л түүнээс нь 500 хүртэлх сая төгрөгийн зээл авсан байх жишээтэй. Дээр нь үнэтэй орон сууц чанартай байдаггүй гэдгийг амьдрал дээр харуулах боллоо. Нэг метр квадратын үнэ нь 279 ам.доллар, монгол төгрөгөөр 390 мянгад үнэлэгдэх сайн чанарын орон сууц барьсан байна. Тэдэнд энэ зээлийг олгодог байя л даа. Ингэж байж, авлига хээл хахууль багасч, газрын авлигад өгсөн мөнгөний үнийн дарамтыг иргэд үүрэхгүй болно?
Сайд С.Баярцогт:
-Монгол Улсын хувьд одоогоор гадаадаас хөнгөлөлттэй зээл, тусламж хоёрыг л авах эрхтэй. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны категориор Монгол Улс хамгийн их зээл авдаг ангилалд багтдаг. Тийм учраас Засгийн газрын зүгээс 2012 он гэхэд арилжааны зээл ч авдаг, тусламж, хөнгөлөлттэй зээл ч авдаг болохоор зорилт тавин ажиллаж байна. Үүний тулд стратегийн ордуудаа барьцаалан олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө “босгох” замаар явах нь хамгийн хялбар бөгөөд зорьсондоо хүрэх хамгийн дөт зам. Өөрөөр хэлбэл, энэ ажлыг хийсний дараагаас арилжааны зээл авах эрхтэй болно. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл манайд хамааралгүй, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хариуцдаг.
УИХ-ын гишүүн Н.Ганбямба:
-Сайдаа, чуулганы нэгдсэн хуралдаанд энэ асуудал орохоор жилийн 0.75 хувийн хүүтэй авах зээлээ ямар үндэслэлээр найман хувьд хүргэснээ тайлбарлаж өгөөрэй. Монголд хямд зээл ороод ирдэг, түүнийг нь луйвар булхай оруулаад өсгөчих гээд байдаг юмнаасаа хол явмаар байна. УИХ ч соёрхон баталсан зээлүүдээ эргэж нэг хянадаг байвал яасан юм бэ.
Байнгын хорооны дарга З.Энхболд:
-Жилийн 0.75 хувийн хүүтэй зээл бол хамгийн хямдад орно. Үүн шиг зээлийг дахин дахин авах хэрэгтэй.
Ингээд санал хураалт явуулахад найман гишүүн гар өргөн дэмжсэнээр энэхүү зээлийн хэлэлцээрийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.
Г.Дарь