Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр БНЧУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзсан байна. Ноён Элчин сайд уулзалтын эхэнд, хоёр улсын төдийгүй хоёр нийслэл хотын хооронд хөгжлийн хөтөлбөр, худалдаа, эдийн засгийн чиглэлээр ажиллах өргөн боломж байгааг дурдаад, элчин сайдаар томилогдон ажиллаж буй нэг жил хагасын хугацаанд хоёр улсын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар багагүй ажил хийж буйгаа онцоллоо. Чех улс нь манай улсад донорын үйл ажиллагаа явуулж буй зүүн европын орнуудыг тэргүүлдэг агаад Монгол улс, Европын холбооны хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм. Удахгүй хамтын ажиллагааныхаа 60 жилийн ойг тэмдэглэх манай хоёр орны харилцаа нь түүхэн үйл явдлаар дүүрэн байсны зэрэгцээ саяны албан айлчлал нь Улаанбаатар, Прага хотын харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэж буйгаа хотын мээр илэрхийлээд айлчлалыг амжилттай зохион байгуулсан Элчин сайдын яам, түүгээр дамжуулаад Прага хотын удирдлагад талархсанаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар хот өөрийн хүчин чадал, ирээдүйд тохирсон хог боловсруулах үйлдвэртэй болох чиглэлээр судалгаа хийж байгаагаа дуулгаад энэ чиглэлээр арвин туршлагатай Чех улс хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг дурдсан байна. Хотын дарга энэ сарын эхээр Прага хотноо албан айлчлал хийх үеэрээ тус хотын хог боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Улаанбаатарт байгуулах боломжийн талаар сонирхсон юм.
Д.Цээнэ