Цагдааг илүү иргэнлэг болгох хэрэгтэй гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Цагдааг илүү иргэнлэг болгох хэрэгтэй гэлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр цөөнгүй гишүүнээс ийм санал гарч байсан юм.

Гишүүн Ж.Энхбаяр “Төр, иргэний харилцаа хөндий, тусдаа байдаг. Үүний тод илрэл нь цагдаа, иргэний харилцаа. Аймаг, орон нутгийн дарга нарын хууль бус үйлдлийг тухайн орон нутгийн цагдаа нар хамгаалж хаацайлдаг. Иргэд, цагдаа хоорондоо дайсагнасан байдалтай байдаг өнөөгийн байдлыг зохицуулах уу, хуулийн төслийг хэтийн хөгжлийг харж гаргаж байгаа юу” хэмээн асууж байв. Мөн Эрүүгийн хуулийн хүнд, хөнгөний талаарх асуудал ч хөндөгдлөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ж.Энхбаяр гишүүний асуултад хариулахдаа “Энэ төслийг баталвал одоог ирээдүйтэй холбох болно” гэв. Харин Эрүүгийн хуулийн тухайд одоо мөрдөж буй хууль дөрөв дэх үед хамаарах бөгөөд хүндрүүлсэн гэж үзэж болох ганц нэгхэн зүйл бий гэнэ. Ц.Нямдорж сайдын хэлснээр эдгээрийн тоонд хүнд хэрэг үйлдсэн хүнийг тэнсэхгүй гэсэн зүйл багтах ажээ.

Гишүүн Ж.Сүхбаатар нийгмийн хэв журам сахиулах, мөрдөн байцаах албадыг салгах нь зүйтэй гэж байв. Мөн өөрөө хуульч хүний хувьд цагдаагийн байгууллагын удирдлагад алдаа байдаг гэж үздэгээ хэллээ. Дандаа мөрдөн байцаах ажил эрхэлж байсан хүмүүс цагдаагийн байгууллагыг удирддаг учир иргэний талаас асуудлыг шийдэж чаддаггүй аж. Тиймээс асуудлыг олон талын өнцгөөс харж сурахыг тэдэнд хандан хэллээ. Тэрбээр мөн хууль боловсруулах хүчин чадлаа Хууль зүй, дотоод хэргийн яам нэмэх хэрэгтэй байгааг, хууль зүйн нэр томъёо байх хэрэгтэйг, албаны гэм буруу, хувийн гэм бурууг ялгаж салгаж сурах ёстойг хэлж байсан юм. Гишүүн Р.Гончигдорж “Цагдаагийн ажилтны чиг үүргийг нарийвчлан тогтоомоор байна. Иргэний цагдааг орон нутгийн иргэдийн дундаас сонгодог байж болох юм. Харин гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй нь тусдаа байхаас гадна олон нийт оролцсон томоохон арга хэмжээнд тэднийг  дайчлах маягаар ажиллуулаад эргээд тараан байршуулдаг зэрэг чиг үүргийг орон нутгийн нөхцөл байдалд уялдуулан ялгаж салгаж өгөх хэрэгтэй” гэлээ. Ц.Нямдорж сайд энэ санааг дэмжээд “Одоогийн байдлаар манай орон нутагт ажиллаж байгаа цагдаа нар универсал маягаар бүх зүйлийг хавсран гүйцэтгэдэг. Мөрдөн байцаагч амралтаа авсан үеэр ноцтой хэрэг гарвал амралтаа хаяад л ажилдаа орох болдог” хэмээв. ЦЕГ-ын дэд дарга Н.Энх-Амгалан үүнийг шийдэж болох ч гагцхүү орон тоо, төсөв мөнгөний асуудал гарч ирнэ гэж байлаа. Хуралдаанд оролцсон 12 гишүүний 10 нь уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж