Свен-Горан Эрикссон Зааны ясан эрэгийн хамт ДАШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Свен-Горан Эрикссон Зааны ясан эрэгийн хамт ДАШТ-д оролцоно

Англи болон Мексикийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Свен-Горан Эрикссон Зааны ясан эрэгийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажилд томилогджээ. Тэрбээр ийнхүү зургадугаар сарын 11-нд эхлэх FIFA-гийн 19 дэх удаагийн ДАШТ-д “Заанууд”-ыг удирдан Өмнөд Африкийг зорих болж байна. Тэрбээр Английн шигшээ багийн хамт 2002, 2006 оны дэлхийн аваргын дөрөвний нэг шигшээд шалгарч байсан боловч дараа нь Мексикийг толгойлж, улмаар ажлын амжилт тааруу байсан учир өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард ажлаасаа халагдсан билээ. Швед мэргэжилтэн Эрикссон саяхныг хүртэл Английн хөлбөмбөгийн доод лигийн “Ноттс Каунти” багийн хөлбөмбөгийн захирлаар ажиллаж байсан боловч тус клуб санхүүгийн асуудалтай тулгарсан учир ажлаа орхисон юм.

Эрикссон шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах болсныг Зааны ясан эрэгийн хөлбөмбөгийн холбооны гишүүн Соулемень Алекс Бамба үндэсний телевизээр мэдэгдсэн байна. Гэхдээ Эрикссон түр хугацаанд, өөрөө хэлбэл ДАШТ-ийг дуустал шигшээ багийн дасгалжуулагчийн байранд суух бөгөөд түүний дараа шигшээ багийг удирдах шинэ хүний эрэлд гарах гэнэ. Дашрамд сонирхуулахад, Зааны ясан эрэгийн баг ДАШТ-ий “А” группт зохион байгуулагч Өмнөд Африк, Бразил болон Португалийн хамт багтсан билээ. Свен-Горан Эрикссон Зааны ясан эрэгийн хамт ДАШТ-д оролцоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж