Ерөнхийлөгч бие бялдрын түвшин тогтоох сорил явуулах зарлиг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч бие бялдрын түвшин тогтоох сорил явуулах зарлиг гаргажээ

Уг зарлиг ёсоор ирэх дөрөвдүгээр сард Монголын иргэн бүр “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-д хамрагдах аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 26-ны өдөр гаргасан Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай уг зарлигт: Хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэн зарлиг болгох нь:

1.Монгол Улсын хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүрийн дөрөвдүгээр сард явуулж, үнэлэлт дүгнлэтийг үндэслэн, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.
2.Биеийн тамир, спортыг нийтийн үйл хэрэг болгох зорилгоор дунд болон их, дээд сургуулиудад биеийн тамир, спортыг  сургалтын тэргүүлэх чиглэл болгож, сурагч, оюутнуудыг спортоор хичээллэх таатай орчин нөхцөлөөр хангах, спортын хамтлаг, клубуудын тогтолцоог нэвтрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш, дасгалжуулагчдад бизнесийн бүх байгууллага, нийт ард иргэдэд уриалсугай гэжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж