
Японы Төлөөлөгчдийн танхимын гишүүн Акихиса Нагашима Япон Монголын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө зорьж ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Тэрбээр 1992 оноос хойш Японы парламентын тэргүүн Монгол Улсад айлчлаагүй гэдгийг дурдаад ирэх жил тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Японы парламентын дарга болоод Японы Эзэн хааныг Монголд айлчлуулах талаар ажиллах болно хэмээлээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Японы парламентын хоёр танхимын даргыг Монголд айлчлахыг урьсан урилга хэвээрээ байгаа гэдгийг дуулгаад Японы Эзэн хаан Монголд айлчлахыг Монголын парламент бүрэн дэмжиж болно гэлээ. Түүнчлэн тэрбээр Японы Эзэн хаан Монголд айлчилбал хоёр орны харилцаанд маш чухал үйл явдал болно гэдгийг дуулгасан юм. УИХ-ын дарга төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такүо Кидоро хоёр орны парламент хоорондын харилцааг бэхжүүлэхэд маш их үүрэгтэй ажиллаж байгаад талархалтай байдгаа хэллээ.
Уулзалтад Монгол-Японы парламентын бүлгийн дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч нар байлцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.