Хүнээс өөрцгүй Twendy-One роботыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Хүнээс өөрцгүй Twendy-One роботыг танилцууллаа

Хүнээс өөрцгүй Twendy-One роботыг танилцууллаа

“Хүн ба роботын завсрын” хэмээн тодорхойлж буй Twendy-One гэгч роботыг Японы Васедагийн их сургуулийн профессор Шигеки Сугано болон түүний багийнхан 10 гаруй жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсний эцэст бүтээжээ. Тэд энэ хугацаанд 20 гаруй хувийн байгууллагатай хамтарч, тэдний тусламж дэмжлэгийг авсан бөгөөд үр дүнд нийгмийн амьдралд хүнтэй адил төвшинд оролцож чадахуйц хэмжээний шилдэг робот бүтээж чадсан байна. Twendy-One роботын гол зорилго нь хөгшид, ахмад настнуудыг асарч, хамгаалахын зэрэгцээ хамгийн дотны туслагч нь байж, гэрийн ажил гүйцэтгэх юм. Харин бүтээгчдийн зүгээс аюулгүй, найдвартай, уян хатан байдлыг ихэд чухалчилж, бүх талыг нь бодолцож үзжээ. Уг робот нь хэмжээ болон хөдөлгөөний хүрээ, чадварын хувьд дундаж биетэй эмэгтэйтэй ижил бөгөөд тодруулбал, 146 см өндөртэй, 73.4 см өргөн юм. Хөдөлгөөний хамрах хүрээг бодолцон дугуйн дээр суурилсан олон зүгт чөлөөтэй эргэх боломжтой байхаар бүтээсэн учир маш нарийхан зайтай байсан ч Twendy-One ямар ч саадгүйгээр гарч орох боломжтой гэнэ. Энэхүү хөдөлгөөний механизм нь 12 ширхэг дуунаас хурдан мэдрэгчтэй, мөн гадны биетийг мэдрэх, хүнтэй мөргөлдөхгүй байхад зориулсан зургаан тэнхлэг бүхий хүчний мэдрэгчтэй ажээ.

Гар ба хуруунууд:
Twendy-One роботын уян хатан, уран чадварыг дээд төвшинд хүргэхийн тулд чөлөөт хөдөлгөөний 13 хэмийг бий болгосон байна. Хэдийгээр гар нь дөрвөн хуруутай боловч бараг хүнтэй ижил төвшинд ажиллах чадвартай ба үүнийгээ зхоион бүтээгчид нь “био-механизм загвар” хэмээн нэрлэжээ. Хурууны өндөгний хэсгийг зөөлөн материалаар хийж, дугуйрсан хэлбэртэй байхаар зохицуулсан бөгөөд хумсныхаа тусламжтайгаар зоос мэтийн жижиг, хавтгай, барихад хэцүү зүйлсийг ч хялбархан барих чадвартай гэнэ. Twendy-One-ын нэг гарт 241 даралт мэдрэх мэдрэгч байх ба алганы хэсэгт 108, харин хуруунуудад нийт 133 мэдрэгч байрлажээ.

Гар ба мөрний хэсэг:
Twendy-One роботын мөр ба өвдөгний үе дөрвөн зүгт чөлөөтэй эргэх чадвартай юм. Уг робот нь хүнтэй хамтран ажиллах боломжтой ба эсвэл хүний хийсэн үйлдлийг яг таг дуурайж чадна. Гарны бүх л хэсэгт суурилуулсан мэдрэгчийн тусламжтайгаар хүний биед, эсвэр өөр ямар нэгэн гадны хатуу биеттэй хүрэлцэж байгаагаа ялгах чадвар нь тун сайн хөгжжээ.

Их бие:

Twendy-One-ын их бие нь чөлөөт хөдөлгөөний дөрвөн хэмтэй бөгөөд газарт тавьсан 35 кг хүртэлх жинтэй биетийг өргөж, хүнийг орноос нь босгох, эсвэл сандлаас нь өндийлгөх зэрэг үйлдлийг чадамгай гүйцэтгэх гэнэ. Мөн доош тонгойн гараа сунгаж, газарт хүрэх ба шалан дээр асгарсан шингэнийг арчиж, цэвэрлэж ч чадах ажээ. Роботын их биеийн ард хэсэгт бүхий л удирдлага байрлах бөгөөд цээжин тус газарт суурилуулсан LED дэлгэц нь роботын дотоод байдал байрыг илэрхийлэх гэнэ.
Толгой:

Роботын толгойд LED гэрлээр хүрээлэгдсэн хоёр ширхэг CCD камер, чанга яригч мөн зургаан тэнхлэгт хүчний мэдрэгчийг байрлуулсан байна. LED гэрлийн анивчих нь роботын харааны системийг илэрхийлэх бөгөөд мэдрэгч нь хүний гарт толгойд нь хүрч байгаа эсэхийг тун сайн мэдрэх гэнэ. Ингэснээр Twendy-One-ыг магтан сайшааж, толгойг нь илэх эсвэл чихэнд хүрч болох юм. Робот өөрөө толгойгоо хоёр хажуу тал руугаа эргүүлэх, дээшээ ба доошоо хөдөлгөх чадвартай ажээ.

Зохион бүтээгчдийн зүгээс Twendy-One роботыг анх 2007 оны арваннэгдүгээр сард зарласан боловч саяхан бүрэн бүтэн хэмжээгээр олон нийтэд танилцуулж байгаа юм. Гэхдээ роботыг хөгжүүлэх ажил бүрэн дуусаагүй бөгөөд 2015 он гэхэд хэрэглэгчдийн гарт хүрэх гэнэ. Харин үнийн тухайд урьдчилан тооцоолсноор 10-20 сая иен байх ажээ.

С.ЦЭЛМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж