Монгол Германы цэргүүд Афганы тэнгэр доор

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Монгол Германы цэргүүд Афганы тэнгэр доор

Фейцабад суурин дахь орон нутгийн сэргээн босгох багийнханд сонирхуулсан олныг гайхшруулсан тулааны үзүүлбэр, улс орны танилцуулга сурталчилгаа, зэвсгийн үзэсгэлэн гэх зүйлсээр “Монголын нэг өдөр” тун амжилттай болж өнгөрлөө. Алс холын дорно зүгээс ирсэн Монголын дайчид бие бялдрын бэлтгэл үнэхээр сайтай гэдгээ богино хугацааны тулааны үзүүлбэр, сагсан бөмбөгийн тэмцээнээр харууллаа.
Монголын зэвсэгт хүчний салаа Фейцабад суурин дахь орон нутгийн сэргээн босгох багийн харуул хамгаалалтын үүргийг хүлээснээр Монголын цэргүүд үзэгдэх болсон нь өнгөрсөн хугацаанд өдөр тутмын ердийн дүр зураг болжээ. ISAF буюу олон үндэстний цэргийн эвсэлд багтсан Германы ЗХ-ны 21 дэх ээлжийн цэргийн багийн нөхдөөсөө салан нутаг буцахаасаа өмнө өөрийн эх нутаг, хүн ардынхаа талаар таниулж мэдүүлэх зорилгоор Монголын цэргүүд энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ.
Монголын цэргийн багийг ахлан яваа салаан дарга, хошууч С.Болдбаатар олон хүмүүс энэ арга хэмжээг сонирхон үзэж буйд баярласнаа хэлээд, “3 сарын 18-нд монголчууд бид цэргийн баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Харин бид тусгайлан энэ өдөр 21 дэх ээлжийн цэргийнхэндээ зориулан үүнийг бэлдлээ. Өнгөрсөн хугацаанд бид гар нийлж ажилласан шүү гэдгээ үүгээр харуулахыг хичээсэн юм” гэлээ.  
Үзүүлбэрийн хамгийн чухал хэсэг нь гардан тулааны ойрын зайн техникүүд байсан ба монгол цэргүүд үүнийг чадварлаг сайн гүйцэтгэлээ. Үүнд тэд давхарлан тавьсан арван ширхэг зүсмэл банзыг хуга цохих, нүцгэн гараараа банз мод руу хадаас шаах, зүсмэл чулуун хавтанг хөл техник ашиглан хага цохих зэрэг багтжээ. Дээрх үзүүлбэрийг хариуцан бэлдсэн, ахлах дэслэгч Н.Бат-Эрдэнэ сэтгэл хангалуунаар “Манай залуус үзүүлбэрээ сайн гүйцэтгэлээ. Үүнд зориулан тусгайлан бэлтгэл хийх шаардлага байгаагүй. Эдний ихэнх нь шүхэр десантын батальоны цэргүүд ба долоо хоногт дөрвөн удаа энэ спортоороо хичээллэдэг юм”  хэмээн ярилаа. Монгол нөхдийнхөө үзүүлбэрийг гайхан биширсэн герман цэргүүд хутга шидэх үзүүлбэрийг онцгойлон сонирхлоо. Монголчуудыг дуурайн ганц нэг алдаж шидэж байсныг эс тооцвол герман цэргүүд ч амжилттай байлаа. Үзүүлбэрийн дараа Монгол орны тухай кино үзүүлсэн ба мөн улсын соёл, түүхийн талаар мэдээлэл агуулсан самбаруудыг ч жагсаалын талбай дээр тавьсан харагдлаа. Герман хэлээр ярьдаг монгол цэргүүд өөрийн улс орны онцлогийг тайлбарлан ярьж, сонирхсон асуултуудад хариулж байлаа. Зэвсгийн үзэсгэлэн дээр өөрийн армийн тухай дэлгэрэнгүй танилцуулж яриад зогсохгүй “Монголын өдөр”-төө өөрийн соёлыг танилцуулсан арга хэмжээ бүтэмжтэй болж өнгөрлөө. Оройн хоол цугтаа  идэхийн өмнө монголчууд сагсан бөмбөгийн тэмцээн зохиоход дахиад л Монголын баг голлох байр сууриа хадгалан тэргүүлэгч хэвээр буйгаа нотлон харууллаа.
Германы ЗХ-ны 22 дахь дараагийн ээлжийн багт багтах Монголын цэргүүд мөн л харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэнэ. 2009 оны 12 сарын эхээр монголын 42 цэргийн албан хаагчид Фейцабад сууринд ирснээр тэд анхны цэргийн баг болсон юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж