Дөрөвдүгээр сарын 5-нд согтууруулах ундаа заруулахгүй байх хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 5-нд согтууруулах ундаа заруулахгүй байх хүсэлт гаргажээ

Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн өчигдөр Цагдаа болон Оюутнуудад хандан уриалга түгээхээр зэхэж байсныг бид мэдээлж байсан. Тэд өнөөдөр 12.00 цагт  “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж, дээр дурьдсан уриалгаа сэтгүүлчдэд танилцууллаа. Уриалгад цагдаа, оюутнуудаас гадна төрийн эрх барьж байгаа хоёр намын жирийн дэмжигч гишүүдэд хандан жагсаалд идэвхитэйгээр оролцож тайван замаар жагсахыг анхаарууллаа. Жагсаалыг зохион байгуулахад цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж мод, чулуу болон элдэв зодоон цохионы хэрэгсэл биедээ авч яваа, мөн мансуурсан хүмүүсийг оролцуулахгүй гэдгээ тэд хэлж байна. Орон нутагт хамгийн сүүлийн мэдээгээр өнөөдөр Хэнтий аймгийн Биндэр суманд тус хөдөлгөөны салбар зөвлөл байгуулагдсанаас гадна Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумдад хөдөлгөөнийг дэмжсэн жагсаал болж байгаа гэнэ.
Мөн түүнчлэн “Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн”-ийнхөн ирэх сарын 5 буюу цуглаан  зохион байгуулах өдөр Монгол орон даяар архи, согтууруулах ундаа заруулахгүй байх хүсэлтээ зохих албаны хүмүүст хүргүүлжээ. Хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжиж Номуун хаан хийдээс бурханы ном уншиж аравнай хийж өгсөн тухай ч мэдээллээ. Төгсгөлд нь тэд жагсаалд оролцох хөдөлгөөний гишүүд нь өөрсдийн тугтай адил цэнхэр өнгөтэй цамц өмсөх тул жагсаалд оролцохоор ирж байгаа хүмүүсийг цэнхэр хадагтай ирэхийг уриаллаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж