Гуравдугаар хуралдаанд 12 тогтоолын төсөл ирүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Гуравдугаар хуралдаанд 12 тогтоолын төсөл ирүүлэв

Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганы гуравдугаар бүгд хуралдаан өчигдөр үдээс хойш эхэлж тус хуралдааныг УИХ-ын гишүүн С.Оюун, Я.Батсуурь нар даргалан явууллаа. Гуравдугаар бүгд хуралдаанаар Ази-Номхон далайн бүс орнуудын  хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв. Энэ хүрээнд Цаг уурын өөрчлөлт, Байгалийн гамшгийн менежмент болон гамшгийг гэтлэн давах асуудлаархи хамтын ажиллагаа, Цагаач ажилчдын эрхийг хамгаалах нь, Мянганы Хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг түргэсгэхэд парламентуудын хүчин чармайлтыг эрчимжүүлэх нь , Соёлын өв, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Гамшгийн менежментийн чиглэлээр  хамтран ажиллах, туршлага солилцох нь үр дүнтэй

            Хуралдааны эхний асуудал болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хуралдаанд оролцсон төлөөлөгчид илтгэл тавьсаны дараа  Монгол, ОХУ, Индонези, Шинэ Зеланд, Малайз, БНХАУ-ын парламентын төлөөлөгчид үг хэлэв .
БНХАУ-ын парламентын төлөөлөгч, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал болоод байгааг хэлж,  Хятад улсын  парламент энэ чиглэлээр нэлээдгүй олон эрх зүйн баримт бичгүүд гаргаад байгааг тэмдэглэлээ. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах, Ойн тухай, Газрын тухай гээд байгаль орчныг хамгаалахтай холбоотой нийт 30-аад хуулийг парламентаараа батлан гаргажээ. Одоо эдгээр хуулиудын хэрэгжилтийн асуудалд анхаарч , Засгийн газар энэ чиглэлээр холбогдох арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа бөгөөд  мөн  парламент энэ бүх асуудал дээр ихээхэн хүчин чармайлт тавьж байгааг хэлсэн юм. Өнөөдөр Хятад улсад 45 сая хүн ядуурлын түвшнээс доогуур, 150 сая хүн ядуурлын  хэмжээнд амьдарч байгаа статистик тоо бий. НҮБ-ээс гаргасан статистик үзүүлэлтээр нэг хүнд ногдох орлого  4 орчим ам доллар байна гэж үзсэн байдаг. Нэг өдөрт 1,5 ам,долларын зардлаар амьдарч байгаа хүнийг  ядуу гэж үзвэл  үүнээс илүү их тоо гарна. Дэлхий нийтийг хамраад байгаа уур амьсгалын өөрчлөлт ядуурлыг ихэсгэхэд ихээхэн нөлөөлж байна. Иймд уур амьсгалын өөрчлөлттэй  холбоотой асуудлаар улам их зүйл хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Төрөөс  эрчим хүчний хэмнэлттэй хэрэгцээнд дэмжлэг үзүүлж шинэ эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж байна. Мөн барилга, тээвэр, холбооны салбарт эрчим хүчний шинэ технологи хэрэгжүүлэхийг дэмжиж байна. Өнгөрсөн жил 600.000 жижиг нүүрс ашигладаг зуухуудыг хаасан. Мөн цемент, барилгын үйлдвэрүүдийг ч энд дурдах хэрэгтэй. 2020 онд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 40 хувь бууруулна гэсэн амлалт авсан байгаа. Хятад улс амалсан бол тэрхүү амлалтаа биелүүлэх ёстой гэсэн зорилго тавьж ажилладаг. Дэлхийн бүх улс орон үүргээ биелүүлэх байхаа. Хөгжиж байгаа болон хөгжингүй бүх улс орон хүчин чармайлтаа нэгтгэж ирээдүйнхээ төлөө хамтарч ажиллая  гэсэн юм. Вьетнам, Индонези, Камбодж улсын парламентын төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал дэлхий нийтийн ялангуяа ядуу улс оронд тулгамдсан асуудал болоод байгааг онцолж, асуудлыг аль нэг улс орон дангаараа шийдэх боломжгүй учир хамтаараа харилцан ярилцаж шийдвэрлэх нь үр дүнтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд илтгэлдээ, гамшгийн аюул нэг орны нутаг дэвсгэрээс халин гарч, хэд хэдэн орныг хамран тохиолдож байгаа өнөө үед олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутгийн өндөр хөгжилтэй орнууд хөгжиж буй ядуу буурай орнуудын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, ялангуяа бие бүрэлдэхүүнийг сургаж, бэлтгэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, техник, тоног төхөөрөмжийн талаар бодит дэмжлэг үзүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Манай гаригийн хүн амын амь нас, хүрээлэн байгаа орчин, материаллаг болон соёлын үнэт зүйлсийг хамгаалахад бидний хариуцлага маш их, улс орон ард түмэн бие биедээ туслахад ямагт бэлэн байх, цаг алдалгүй үйл ажиллагаа явуулах ямар чухал ач холбогдолтойг байнга санаж, хамтран ажиллахыг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын парламентын 19 дүгээр чуулганы төлөөлөгчид та бүхнээс уриалж байна гэлээ.

                  Мянганы хөгжлийн зорилт 2015 онд хангагдсан байх ёстой

Индонезийн парламентын төлөөлөгч мянганы хөгжлийн зорилтыг ханган биелүүлэхэд бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг эхэлж, харилцан бие биенээсээ туршлага судлан хамтран ажиллах хэрэгтэй гэлээ. Түүнчлэн мянганы хөгжлийн 8 зорилтыг хангаж чадвал улс орон хөгжлийн шат ахих боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Малайзын парламентын төлөөлөгч хэлэхдээ, бүс нутгийн хамтын ажиллагаа үр өгөөжөө өгдөг. Ирээдүйгээ сайжруулах хамтын ажиллагаанд анхаарах асуудлаар Малайзын туршлагыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Бид мянганы хөгжлийн 8 зорилтын 7 зорилтыг нь хангаад байна гэлээ. Харин Лаосын парламентын төлөөлөгч, тус улсын эдийн засгийн өсөлт 7,5 хувийн үзүүлэлтэй байгааг дурдлаа. Мөн жендэрийн асуудалд ахиц дэвшил гарч байгааг хэлж, одоо тус улсын парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувьтай байгаа бөгөөд энэ онд болон парламентын сонгуулиар 30 хувьд хүрнэ гэж үзэж байгаагаа дуулгасан юм. Түүнчлэн тус улсын парламент анх удаа эмэгтэй даргатай болсондоо бахархаж байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга  Д.Очирбат “Хүүхдийн хөдөлмөрийг устгахыг дэмжих нь” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, улс үндэстнүүдийн өмнө тулгамдаж буй олон асуудлын нэг нь хүүхдийн хөдөлмөр юм гээд, дэлхий нийтэд өмнөх үетэй харьцуулбал удаан боловч ахиц гарч хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо буурч байгааг тэмдэглэлээ. Мөн Монгол Улс хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилтыг үндэсний хэмжээнд тусгайлан авч үзэж байгаа бөгөөд түүнийг устгахад чиглэсэн бодит үр дүнд хүрэхүйц үйл ажиллагааг өргөн хүрээтэй авч хэрэгжүүлэх явдал чухал байгааг хэлж, үүнтэй холбоотойгоор хүүхдийн хөдөлмөрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн боловсронгуй болгох, нийгмийн суурь үйлчилгээний гадна байгаа орхигдсон эмзэг бүлгийн хүүхдүүдийн суралцах, хөгжих, оролцох боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, чадавхийг нэмэгдүүлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт өртсөн хүүхдийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн хөдөлмөрийн хяналт, мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх шаардлага байгааг онцлон тэмдэглэв.

                           Цагаачилснаар амьдрал шууд сайжирдаггүй

Индонезийн парламентын төлөөлөгч энэ асуудлаар илтгэл тавилаа. Тэрбээр, даяаршлын эрин үед бидний өмнө олон зорилт тулгарч байна. Улс орнууд бараа, бүтээгдэхүүн солилцооны хажуугаар улс оронд цагаачлах хүмүүсийн шилжилт хөдөлгөөн ихэсч байна. Илүү цалин хөлс олж, сайхан амьдрахын тулд хүмүүс гадаадад цагаачлах асуудал ихэсч байна. Цагаачилснаар амьдрал шууд сайжирдаггүй. Цагаач ажилчдад хүнийх нь хувьд ажиллах, амьдрах эрхээр хангах боломж олгогддог. АНДП-ын 16 дугаар чуулганаар цагаач ажилчдын эрхийг хамгаалах тогтоол баталсан. Цагаач ажилчдын эрхийг хамгаалахад анхаарал хандуулахыг улс орнуудад уриалж байна. Улс орон бүр энэ асуудлаар оновчтой хууль эрх зүйн орчинтой болмоор байна гэлээ. Тус асуудлаар бусад орны төлөөлөгчдөөс үг хэлэх гишүүд гарсангүй.

Эдийн засгийн хувьд хөгжингүй байгаа ч бичиг үсэг үл мэдэх байдал байсаар байна

Малайзын парламентын төлөөлөгч, хүүхэд, залуучуудыг гадаадад сургах, солилцооны хөтөлбөрт хамруулахад тус улс олон хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж байгааг дурдаад, үүний тулд боловсролын чанарыг с айжруулахад анхаарч байгааг хэлсэн бол Индонезийн парламентын төлөөлөгч, улс орон соёлын харилцан адилгүй байдлаа хүлээн зөвшөөрч харилцан итгэлцлээ бэхжүүлэх нь чухал гэлээ. Түүнчлэн нийтлэг үнэт зүйлсээ хүндэтгэн түгээн дэлгэрүүлэхэд анхаарах хэрэгтэй гээд, боловсрол, соёлын солилцоог дэмжиж байгаагаа илэрхийлж, мэдээллийн дэд бүтцийг сайжруулж, харилцан мэдээлэл солилцох  асуудлыг анхаарч үзэх нь чухал гэлээ.

 Энэ сэдвээр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Ази-Номхон далайн орнуудын соёл, боловсролын солилцооны хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, одоогоор Ази, Номхон Далайн орнуудад Засгийн газрын гэрээ, хэлэлцээрээр жил бүр 600-гаад оюутан баклавр, магистр, докторын төвшинд элсэн суралцаж байна. Монгол Улс ЮНЕСКО-гийн “Гар урлалын чанарын батламжид бүтээгдэхүүн хөтөлбөр—ийг зүүн Азийн сүлжээнд нэгдсэн орж, хамтран ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан 2007 онд гар урлалын улсын уралдаан явууллаа. БНХАУ-тай монгол ардын уртын дууг хамтран хамгаалах талаар, БНСУ-тай Ази, Номхон далайн орнуудын биет бус соёлын өвийг хамгаалах асуудлаар хуралдаан, стратегийн уулзалт зохион байгуулж, энэ чиглэлүүдээр хамтран ажиллах хөтөлбөр, хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Монгол Үндэстний бүтээн бий болгосон морин хуур хөгжлийн уламжлалт урлагийг 2003 онд, Монгол ардын уртын дууг 2005 онд, “Монгол Үндэстний баяр-Наадам”, “Монгол үндэстний хөөмийн урлаг”, “Бүргэдийн ан буюу Шувуучлахуй” –г 2010 онд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн гэлээ.

Хуралдааны төгсгөлд  Гуравдугаар бүгд хуралдаанаар хэлэлцсэн Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны асуудлын хүрээнд 6 орноос 12 тогтоолын төсөл ирүүлснийг хурал даргалагч УИХ-ын гишүүн С.Оюун танилцууллаа. Өнөөдөр 9.00 цагаас Бичиг баримт боловсруулах хороо үйл ажиллагаагаа эхлэх  болсон тул  АНДП-ын 19 дүгээр чуулганы дөрөвдүгээр бүгд хуралдаан 10.30 цагт эхлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж