Хүмүүс ээ, театрт шинэ хун ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Хүмүүс ээ, театрт шинэ хун ирлээ

Ихэнхдээ дундуурхан үзэгчтэй байдаг дуурийн театр өчигдөр дүүрэн байв. Хар, цагаан хунд зэрэг гоцлох театрын шинэхэн гоо шувууг хэрхэн дүүлэн нисэхийг харах хүсэл намайг ч тийш хөтлөсөн юм. Театрын шинэ хунг Д.Саруул гэдэг. Тэр 21 настай. Театрынхан түүнийг Оюун агснаас хойших хамгийн гоё “далавч”-тай хун гэдэг юм билээ.

…Жүжиг эхлэхэд таван минут дутуу байна. Яг одоо хилэн улаан хөшигний цаана “хүн-хунгууд” бие халаалтаа хийцгээж байгаа. Хун шувууных шиг уран гоо хүзүү, дөнгөж төрсөн нялх хүүхдийнх шиг тув тунгалаг харцтай Саруул охин ч гэсэн цагаан трико, шигтгээн гоёл чимэглэлтэй гоёмсог даашинзаа өмсчихсөн каскигаараа газар тогшин тэнцвэрийн дасгалаа хийж байгаа биз.

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ
БА ХУНГИЙН ҮНЭР

Хөшиг аажуухан нээгдэж, Саруул үзэсгэлэнт Одетта гүнжийн дүрээр гарч ирлээ. Цэцэг түүхдээ Одетта гүнж юунд ч үл түүртэх хөнгөн яруу алхаагаар эргэлдэнхэн бүжихэд түүний даашинзны хормой үл мэдэг сэрчигнэн намирч, тайзан дээрээс түүний дуртай “Davidoff” сүрчгийн сэрүү татсан зөөлөн үнэр сэнгэнэх шиг боллоо. Саяхан нүүр будалтын өрөөнд түүнтэй уулзаж суухад яг энэ үнэр тод гэгч нь үнэртэж байсан юм. Тайзан дээрх хунгийн үнэрийг би Саруулын сүрчигний үнэрээр төсөөлж байлаа.

…Ханхүү Зигфридийн 21 насны төрсөн өдрийн баяр цэнгүүн хааны ордонд болж байна. Маргааш гэхэд гэрлэх бүсгүйгээ сонгох ёстой ханхүү гунигт автана. Түүний сэтгэл зүрхийг татах хэн ч үгүй билээ. Зигфридийн дүрд бүжгэн жүжгийн шинэ оддын нэг О.Ганцоож тоглосон. 2007 онд Хөгжим бүжгийн коллежийг дүүргээд Их Британид нэг жил мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж, Америкийн “Mystic” театрт бүжиглэж байсан 19-хэн настай О.Ганцоож мөн энэ үдшийн гол баатар байв. Уйтгар гунигт автсан ханхүү Зигфрид сэтгэл санаагаа сэргээхээр найзынхаа хамт нум сумаа агсан шөнө дөлөөр ордноос гарч явна. Нэгдүгээр үзэгдэл ийнхүү дууслаа. Хоёрдугаар үзэгдлийг тэсэн ядан хүлээж байна. Хунт нуурын хатан хун Одетта энэ үзэгдлийн жинхэнэ “од” нь байдаг.

Одоо хөшигний ард Саруул сэтгэл нь түгшин, догдлонгуй зогсч байгаа. Сургуулиа төгсөөд, “Хунт нуур” бүжгэн жүжигт гоцлодог болсоор жилийн нүүр үзэж байгаа ч одоо хэр нь Саруул сэм догдолж, битүүхэн түгшдэг хэвээр. Арга ч үгүй биз. Сэтгэлийн их хат, зориг, мэдрэмж шаарддаг “Хунт нуур”-ын хар, цагаан хунд зэрэг бүжиглэнэ гэдэг балетчин хүний дээд шалгуур. Гэхдээ тэр сэтгэл хөдлөл, догдлол бүхнээ дан ганц инээмсэглэлээрээ л илэрхийлдэг. Театрт нисэн ирсэн үзэсгэлэнт хунгийн инээмсэглэл цаснаас ч цагаахан өнгөтэй.

ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ
БА ЦЭЛ ЗАЛУУХАН ХУН

Толгойдоо өдөн гоёл, цагаан почкитой “хун” Саруул тайзан дээр хөвж байна. Хун шувуу усны мандал дээгүүр долгио үүсгэлгүйгээр ямар зөөлөн хөвдөг билээ, яг л түүн шиг намуухнаар хөвөн бүжиж байна. Эмэгтэй хүнээс гарч болох хамгийн уян зөөлөн, сэтгэл татам дүр төрх гэвэл энэ л байх. Би түүнээс хун болсон талаар сэтгэгдлийг нь асуухад Саруул “Би өөрийгөө хун болно гэж огт бодож байгаагүй. Цагаан хунгуудыг харахад ихэвчлэн урт хөлтэй, уран гартай байдаг юм. Харин би тийм биш ш дээ” гээд даруухнаар инээмсэглэж билээ. Харин одоо би түүний худал хэлснийг харж байна. Тэр яг л хун шувуу шиг. Үсрээд буух бүрт каски нь тог, тог дуугарна. Хөгжимнөөс ялгарч дуугарах энэ каскины чимээ үнэхээр гоё санагддаг. Саруул энэ чимээг нисээд бууж байгаа шувуу юм шиг сэтгэгдэл төрүүлдэг гэж ярьж байсныг нь санаж байна.

Ханхүү Зигфрид найзуудаасаа салан нэгэн нуурын хөвөөнд хүрч ирнэ. Тэнд тэр толгойдоо титэмтэй үзэсгэлэн төгөлдөр нэгэн хунг олж харна. Үүр хаяарахын алдад өнөөх хун ханхүүгийн урьд хожид харж байгаагүй үзэсгэлэнтэй гүнж болон хувирчихлаа. Одетта Зигфрид ханхүүд хорон муу санаат Ротбартын хараалд өртсөн тухайгаа хэлнэ. Түүнийг Ротбарт шөнийн цагаар хун шувуу болгож, өдрийн цагаар хүн дүрдээ буцан оруулдаг болгосон билээ. Гүнжийг хэн нэгэн залуу чин сэтгэлээсээ хайрлахад аймшигт хараал буцаагдах тухай ч мөн Зигфридэд ярина.

Түүнтэй бэлтгэлийнх нь үеэр хэсэг­хэн яриа өрнүүлснээ сонирхуулъя.

-Чиний толгойны хөдөлгөөн их гоё юм аа. Бүжиглэж байхад хүзүү чинь яг л хунгийнх шиг гайхалтай уран гоолиг харагдаж байсан.

-Нуруугаа цэх байлгах ёстой болохоор хүзүүгээ өргөөд сурчихдаг юм. Гэхдээ хүзүүгээ арчилж байхгүй бол амархан үрчлээ тогтдог гэдэг юм билээ. Анх сургуульд орж байхад бие, хүзүүндээ сайн тос түрхэж бай гэдэг байсан.

-Үе үеийн хунгууд өөрийн гэсэн онцлог­той байдаг гэдэг. Харин Саруул гэх хунгийн онцлог юу вэ?

-Үзэгчид л мэдэх байх даа. Би бусад хунгийн хөдөлгөөнийг хараад, өөрийнхөө хөдөлгөөнийг цэгцэлдэг. Ер нь ахмад бүжигч­дээсээ үлгэр дууриал их авдаг ш дээ. Хүн болгоны хөдөлгөөний хэв маяг нь өөр байдаг болохоор тэр нь онцлог болдог байх аа.

-Чиний үлгэр дууриалал гэвэл?

-Хуучин хунгуудынхаа дүрс бичлэгийг байнга үздэг. Оюун багшийг би нэг ч удаа харж байгаагүй л дээ. Гэхдээ бичлэгийг нь үзээд, их гоё хүн гэж төсөөлдөг юм. Гэрэлчимэг багшийн гар их гоё. Урт хуруутай болоод ч тэр үү, дэвэлт нь их сүртэй харагддаг юм. Бас Захаровагийн гоцлолыг үзэж байсан. Тэр миний харсан хамгийн уран хун байсан байх аа. Балетыг бичлэгээр үзэхээсээ илүү яг театрт нь очоод үзэхээр илүү гоё. Хөдөлгөөн нь тод харагддаг юм.

-Балетчидыг нэлээд идэмхий байдаг гэж сонсож байсан. Маш их хөдөлгөөн хийж байнга калори шатааж байдаг боло­хоор хоол амархан шингэдэг байх л даа.
-Би хоолны дэглэм ерөөсөө барьдаггүй. Их иддэг гэдэг нь үнэн байх аа. Байнгын дасгал сургуулилттай байдаг болохоор хоолоо хориод байж болдоггүй юм. Бага идэх юм бол хүч тамир муудна ш дээ. Угаасаа бэлтгэл ихтэй үед идэх сонирхол ч багасчихдаг юм. Тэгээд ч “таргалдаггүй” онцлогтой хүмүүс ч гэж байдаг. Би лав хичнээн идээд ч таргалдаггүй. Ээжийнхээ хийсэн банштай цайнд нугасгүй. Сүүлийн үед “Greenwill” гэдэг рестораны хоолонд их дуртай болоод байгаа. “Маханд дурсагсад” гэдэг хоол нь үнэхээр гоё. Бас төмсний нухаш, чихэр, шоколад. Ер нь бүх л идэх юм гоё ш дээ /инээв/.

-Чи надад цэл залуухан хун шиг санагдаад байна. Хун хөгшрөх ямар байдаг юм бол? Балетчин хүний хувьд хөгшрөх гэдэг айдас юм шиг ээ. Дуртай бүжгээ хийхгүй, хайртай тайзаа орхино гээд л…

-Би одоо залуу байгаа болохоор хөгшрөх талаар огт бодохгүй байна. Гэхдээ тайзнаас буухдаа харамсахгүй байх аа. Залуудаа хангалттай бүжиглэнэ гэж бодож байгаа. Гэхдээ жаахан гунигтай. Үе үе хөнгөн гуниг төрөөд, тайзаа үгүйлэх л байх. Байнга балет үздэг болно. Театр дээрээ байн байн ирээд л… Гэхдээ манай театрын нэг эгч байдаг юм. Одоо хөгшрөөд арьс нь сулраад байна гээд гомдоллодог болсон. Тэгээд ханцуйтай цамц өмсөөд бүжиглээд л байна ш дээ.

-Шинэ, залуухан хун орыг нь “авахаар” ирэх үе хуучин хунгуудад ямар мэдрэмж төрүүлдэг бол? Өмнөөс нь бодоход л аймшигтай санагддаг.

-Гэрэлчимэг багш маань 11 жил хунгийн дүрд гоцолсон. Намайг хун болоход их л баяртай хүлээж авч байсан юм. Нэг дүрд ямар ч ээлж халаагүй ганцаараа тоглох их хэцүү. Харин хоёулаа ээлжээр тоглодог бол бие биенээсээ сурах зүйл их байдаг. Тэгэхээр би ч бас цаг нь болвол өөрийнхөө халааны хунг хүлээж авахдаа тиймэрхүү л сэтгэгдэлтэй байна байх аа. Гэхдээ тухайн үед сэтгэл санаа ямар байхыг хэлж мэдэхгүй юм.

-Жамъяндагва гуай Монголын анхны балетыг дэглэж байсан хүн. Түүнийг их “хатуу” эрхэм гэлцдэг. Чамайг “Хунт нуур”-т гоцлоход Жамъяндагва гуай ямар шүүмж хэлж байсан бол?

-Надад хэдэн үнэтэй зөвлөгөө өгч байсан. Гараа сайн хөдөлгө. Мөрнөөсөө эхлээд, тохойгоо сайн ажиллуулах хэрэгтэй гээд л их сайн хэрэгтэй зүйлсийг хэлж өгсөн. Бас гуравдугаар үзэгдлийн 32 эргэлттэй хэсэг дээр өсгийгөөрөө сайн ажилла, сайн мэдэр гээд л байнга хэлж заана шүү дээ. Жамъяндагва багш намайг шувуу шиг царайтай гээд байдаг юм. Тэгээд толгойныхоо өдийг зүүчихвэл яг “шувуу” болчихдог гэсэн. Тэгээд би их цайвар арьстай болохоор цагаан хунд их тохирдог юм шиг байна лээ. Багш намайг “Манай театрын хамгийн цагаан хүүхэн” гэдэг.

Цагаан хунгийн толгойн өдөн гоёл  чинь чамд үнэхээр гоё зохих юм. Энэ өдийг хаанаас авдаг юм бэ?

-Миний толгойдоо зүүдэг өдийг Хятадаас авчирсан. Үйлдвэрийнх. Манай театрын эгч нар ихэнх нь өөрсдөө хийгээд зүүчихдэг юм. Тахианы өдөөр хийвэл их гоё, сэвсгэр болдог. Би одоохондоо хийж сураагүй л байгаа. Тэгж байгаад өөрөө хийдэг болно оо.

-Толгойны гоёлоос гадна балетчидын хувцас ёстой гоё.

-Тийм шүү. Их гоё. Би балетын хувцсанд маш их дуртай. Японд явж байхад тэндхийн бүжгийн хувцасны үйлдвэрийн ажилтан бид нарын хувцсыг үзээд, их сонирхож байсан. Гоё юм аа гээд л… Тэгэхээр манай оёдолчид их сайн гэсэн үг байгаа биз дээ. Манай театр нэг эсгүүрчин, хоёр оёдолчинтой. Олон жил театрын хувцас хийж байгаа хүмүүс. Тэгээд олон хувцас хийж байгаа үед их хэцүү байдаг байх аа. Бид нар оёдолчиддоо туслаад дэгээ, чимэглэлүүд зэргээ өөрсдөө оёчихдог юм.

ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ БУЮУ ТАНИХГҮЙ ХАРЦ

Би хар хун Одиллиг харах гэж тэсэн ядан хүлээж байв. Тунгалагхан харцтай, цасан цагаан инээмсэглэлтэй энхрий хонгор Саруул хар хунд хэрхэн хувирах бол? Хамгийн сонин нь энэ байв. …Хар хун гарч ирлээ. “Нүдний хөдөлгөөн ихтэй, хурц дүр учраас их ядардаг” гэж Саруул ярьж байсан юм. Өнөөх намуухан зөөлөн харц нь гүйлгэнэсэн хурц, ширүүн болжээ. Саруул тэс өөр хүн болчихож.
Хар хунгийн алдарт 32 fouette энэ үзэгдлийн хамгийн торгон мөч. Балетчдаас дээд зэргийн ур чадвар шаарддаг хэсэг. Төгсгөл хэсэгтээ хөл жаахан алдсаныг эс тооцвол Саруул 32 эргэлтийг гайхалтай техниктэйгээр цэвэрхэн хийж гүйцэтгэсэн. Эргэлтийн үед түүний хөл, гарын аль аль нь үнэхээр гоё харагдаж байсан.

-Манай балетчидад гадаадын театруу­даас ажиллах урилга их ирдэг. Тэгээд олон ч сайн балетчид гадагшаа явсан шүү дээ. Хэрвээ чамд гадаадын театрт ажиллах санал ирвэл яах вэ?

-Эрэгтэй балетчид их ховор байдаг болохоор эрэгтэйчүүдийг нь аваад явчихдаг юм. Түр зуурын тоглолтын санал ирвэл дуртайяа хүлээн явна. Харин бүүр үлдэх тухайд бол ярилтгүй ээ. Би өөрийнхөө театрт үлдэнэ. Манайх шиг байнгын тоглолттой театр ховор байдаг. Тийм болохоор театраасаа холдохгүй л гэж бодож явдаг.

-Чамд цагаан хун, хар хун хоёрын аль нь илүү таалагддаг вэ?

-Цагаан нь. Миний зан араншин, байгаа байдал цагаан хунтай илүү тохирох байх аа. Зөөлөн зантай хүнд гол дүр, хурц ширүүн зантай хүнд эсрэг дүр зохино гэдэг. Гэхдээ балетчид өөрийгөө эвдэж үзэх хэрэгтэй юм шиг байна лээ. Эсрэгээрээ болох тохиолдол ч байдаг гэсэн. Би болохоор дандаа сайн талын дүрд тоглоод сурчихсан. Гэхдээ “Хунт нуур”-т тоглохоор би дандаа сандардаг. Яагаад ч юм түгшээд байдаг юм. Цагаан хун дэвэлт ихтэй болохоор гар их чилдэг юм.

-Тайзан дээр, бүр нэг тоглолт дээр хоёр тэс өөр сэтгэл зүйг илэрхийлэх хэцүү байх?

-Би хөдөлгөөнөө дэндүү их боддог зуршилтай. Хөдөлгөөнөө бодсоор байгаад жүжиглэхээ мартчихдаг. Багш хөдөлгөөнөө бага бод гэж байнга хэлдэг л юм. Гэхдээ яагаад ч юм нэг мэдэхэд л хөдөлгөөнөө бодоод зогсож байдаг.

ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ БУЮУ ХАЛУУХАН АЛГА ТАШИЛТ

Саруул ганцаардсан хунгийн дүрийг гаргахын тулд Одеттын сэтгэл санааг дотроо төсөөлж байгаа. Тэр гунигтай харагдаж байв. Гуниглаж байхдаа тэр илүү гоё бүжих юм. Саруул их дуу цөөтэй. Үүнийгээ “Бид бүх зүйлийг биеэрээ үзүүлдэг болохоор ярихдаа тааруу” гэж тайлбарласан. “Хунт нуур”-ын төгсгөлийн хэсгийг үзээд догдолдоггүй хүн байдаг гэж үү. Ганцаардсан Одетта хавцлаас унахад ханхүү Зигфрид тосон авдаг тэр хэсгийг үзээд л шүүрс алдмаар.

Би алгаа халуу дүүгч, хорстол нь ташлаа. Үнэхээр гоё үдэш байлаа.

Ай, хонгорхон Саруул минь. Чи ямар энхрий ялдам, ямар үзэсгэлэн гоо гэдгээ мэддэг ч болоосой. Чиний инээмсэглэл, чиний гар, чиний хүзүү, чиний цас шиг цагаан булбарай арьс- Чи театрт ирсэн ЦЭЛ ЗАЛУУХАН ХУН.

Агуу их Чайковский бидэнд гайхалтай романтизмыг өвлүүлжээ. Дэндүү бахархмаар юм.  Хүмүүс ээ, театр шинэ хунтай болсон шүү. Энэ хун хэзээ буцахыг хэн ч мэдэхгүй. Бүгдээрээ түүнд халуу шатсан алга ташилтаа л бэлэглэе. Харин дараагийн “Хунт нуур” хэзээ бол? Хурдан дахиж үзмээр байна. 
 
Ж.ИНДРА
Т.НИПОЛЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж