Тэмдэглэлт өдөр нэгдүгээр сарын 26

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Тэмдэглэлт өдөр нэгдүгээр сарын 26

Гаалийн олон улсын өдөр

 
Гаалийн хамтын ажиллагааны зөв­лөл байгуулах конвенци 1952 оны арван­нэгдүгээр сард хү­чин төгөлдөр болж, Брюссель хотноо 1953 оны нэг­дүгээр сарын 26-нд Гаалийн хамтын ажиллагааны зөв­лөлийн анх­ны чуулган бол­­жээ. Тэр бай­гууллага нь 1994 онд Дэл­хийн гаалийн бай­гуул­­лага (World Customs Orga­nization) гэсэн өнөө­гийн нэрээ ав­сан байв. Анх­ны чуулганаас 30 жилийн дараа 1983 онд энэ өдрийг олон улсын гаальчдын өдөр (International Customs Day) болгохоор шийджээ. Өнөөдөр энэ байгууллага дэлхийн 162 орныг нэгтгэж байгаа юм. Нийтдээ дэлхийн 800 мянган гаальчид энэ баяраа тэмдэглэж байна.

Австралийн өдөр

Ногоон тивийг европчууд эзэмшиж эхэлс­ний ой буюу Австралийн өдөр (Australia Day) гэх энэ баярыг өнөөдөр тэмдэглэж байна. Ахмад Артур Филипп (Arthur Phillip) 1788 оны энэ өдөр Сиднейн буланд хөл тавин Британийн тугийг мандуулаад анхны колони болох Шинэ Өмнөд Уэльсийг үндэслэсэн юм. Энэ хэрэг явдал Жеймс Кук Австрали тивийг нээснээс 18 жилийн дараа болжээ.
Филиппийн хөлөг онгоцнуудад 564 эрэгтэй, 192 хоригдол эмэгтэй, 450 усан цэ­рэг ба цэргийн ба энгийн хүмүүс, тэдний 28 эхнэр ба 30 хүүхэд явсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэд Ногоон тивийн анхны колончлогчид болсон байна. 1808 он хүртэл энэ өдрийг анх тивд европчууд буусан ой маягаар тэмдэглэж байгаад 1935 онд Австралийн өдөр болгон зар­лажээ.

Энэтхэгийн бүгд найрамдах улсын өдөр
 
Бүгд найрамдах улсын өдрийг (Republic Day) Энэтхэг 1950 онд бий болгоод жил бүрийн энэ өдөр өргөн дэлгэр тэмдэглэн баярлаж иржээ.

Европчууд Бразилид хөл тавив
 
Бага Винсенте Пинсон

1500 он: Орчин үеийн Бразилийн га­зар нут­гийг анх­лан нээ­сэн хү­нээр  Ис­па­нийн да­­лай­чин, суд­лаач, кон­кистадор Ви­сен­те Яньес Пинсон болжээ. Тэрээр 1492-1493 онуудад том ах Мартин Алонсо Пинсоны хамт Христофер Колумбийн анхны аянд оролцон  «Нинья» хөлөг онгоцыг даргалж байв. Пинсон өөрөө бие даан 1499 онд Өмнөд Америкийн зүг аялалд гарчээ. Түүний хөлөг онгоц далайн шуургатай таарч, 1500 оны энэ өдөр өнөөгийн Пернамбуку мужийн эрэгт буусан байна. Тэрээр Бразили гэж нэрлэгдсэн орны эрэгт буун сүүлд нь тэнд хэдэн загалмай босгоод Испанийн хааны нэрийн өмнөөс уг нутгийг захирч ирсэн байв. Тэрээр цэргүүдийнхээ хамт Өмнөд Америкийн Бразилийн эргийн судалгааг хийж байжээ. Гэхдээ түүний нээсэн газар орон Тордесильяссийн гэрээний дагуу Ис­панид харьяалагдаж болохгүй байсан юм.

Өмнөд Африкаас хамгийн том алмаз олдов
 
1905 он: Өмнөд Африкийн «Премьер» уурхайгаас хүн төрөлхтний түүхэнд хамгийн том олдвор 3 106 карат (621,2 г) алмаз олджээ. Уурхайн дар­га Фредерик Уэлс оройн цагаар уур­хайгаа эргэж яваад уур­хайн хананд гя­лал­зах гэрлийг  хар­сан байв. Тэрээр ажилчдынхаа хамт газрын гадрагаас 9 метрийн дор эрмэгт байсан 10×6,5×5 см хэмжээтэй алмазыг олсон байна. Түүнийг анх энэ уурхайг нээсэн Томас Куллинаны нэрээр «Куллинан» гэж нэрлэжээ. Трансваалийн бүгд найрамдах улсын улстөрчид тэр чулууг Англи-бурын дайны эвлэрэл болгон Английн хаан VII Эдуардад 150 мянган шиллингээр худалдан аваад бэлэглэсэн байна. Одоо бол «Куллинан» алмазын үнэ нь  94 тонн алттай тэнцэнэ гэгддэг.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж