Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ

Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг Үндэсний хөгжил шинэтгэлийн хороон дээр боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын орлогч дарга С.Тулгаа “Монголын компаний засаглалын кодексын танилцуулга” сэдвээр, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр- төслийн үзэл баримтлал” сэдвээр танилцуулга хийсэн юм. Хэлэлцүүлэгт Монголын Хөрөнгийн бирж, Монгол банк, Санхүү эдийн засгийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, эрдэмтэд судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөгчид болон хувийн хэвшлийн төлөөлөгчид гэсэн олон газрын төлөөлөгчид оролцсон.

Компанийн засаглал гэдэг нь компанийн удирдлага гэдгээс гадна тухайн компани хувь нийлүүлэгчид, олон нийтийн өмнө хүлээх хариуцлага гэж ойлгогддог талаар оролцогчид ярьж байв. 1990-ээд оноос Англи, Америк, Канад зэрэг улсуудад компаний засаглалын кодекс, дүрмүүдийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ хүрээнд 1999 оны тавдугаар сард сайд нарын түвшний уулзалтаар “Компаний засаглалын кодекс”-ийг баталсан. Монголын хувьд гэвэл 2007 оны 12 дугаар сарын 26-нд Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар хувьцаат компанийн хувьд “Компанийн засаглалын кодексыг” баталсан ажээ.

Компанийн засаглалын кодекст таван гол асуудал яригддаг бөгөөд тэдгээр нь: хувьцаа эзэмшигчдийн эрх, хувьцаа эзэмшигчдэд тэгш хандах асуудал, оролцогч талын сонирхол, хувьцаат компаний тайлагнал ил тод байх асуудал, төлөөлөн уирдах зөвлөлийн үүрэг хариуцлагын асуудлууд байдаг. Ажил олгогч эздийн нэгдсэн хорооноос анхны хувилбараар боловсруулсан компанийн засаглалийн хөтөлбөрийн төсөл 2009 оны дөрвөн сараас хойш хэлэлцэгдэж, төслийн түвшинд яваа бөгөөд холбогдох яамнууд саналаа илэрхийлэн дэмжээд байгаа юм байна. Уулзалтын төгсгөлд талууд энэ хөтөлбөрийн төслийг шуурхайлан хэлэлцэж, 2010 оныг “Бизнесийн орчныг шинэчлэх жил” болгосон зорилтын хүрээнд Үндэсний шинэтгэл, хөгжлийн хороо Засгийн газарт оруулж батлуулахаар шийдвэрлэлээ.

Уулзалтын үеэр энэ хөтөлбөр одоо Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй, хувьцаа гарган борлуулж байгаа 347 компанид хамаатай хөтөлбөр үү эсвэл Монголд бүртгэлтэй 46 мянган аж ахуйн нэгжид хамааралтай зүйл үү гэсэн асуумж, яриа өрнөсөн юм. Хаалттай компани буюу олон нийтэд хувьцаа гаргаж зараагүй, зөвхөн үүсгэн байгуулагчид нь эзэмшдэг компаний асуудлыг дээрх кодексоор шууд хүчээр зохицуулах боломжгүй. Харин хувьцаа гаргаж зарсан, хувьцаа эзэмшигчтэй, олон нийтийн компаний асуудалд илүүтэй хамаарах болно гэсэн байр суурь ажиглагдаж байв. Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн нээлттэй буюу хувьцаат компаниудад хамааралтай асуудал биш. Монголын компаниуд цаашид хөгжиж, гадаадын санхүүжилт, хөрөнгө оруулалт татахыг сонирхож байгаа үед компаний засаглалын асуудал яригдах нь зайлшгүй. Одоо хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ байгаа ч ирээдүйд хувьцаат компани /ХК/ болохыг сонирхож, бэлтгэж байгаа компаниуд байгаа. Тэдний ашиг сонирхлыг тусгаж, харгалзах нь зүйтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид байр сууриа илэрхийлж байлаа.

Мөн одоо байгаа хувьцаат компаниудын харилцаа, хариуцлагыг илүү төгөлдөржүүлэх, хувьцаат компаниуд жил бүр тайлангийн хурал хийж занших, татан буугдсан бол дөрвөн сарын дотор тайлангийн хурлаа заавал хийдэг болж хэвших ёстой гэсэн саналууд дэвшигдэж байв. Мөн олон жилийн өмнөх өмч хувьчлалаас болоод өмчийн хэлбэр нь гүйцэд шийдэгдээгүй гацаанд орсон асуудлууд тухайлбал Улсын их дэлгүүрийн 57 мянган хувьцаа эзэмшигчийн асуудал зэргийг гацаанаас гаргаж зохицуулах тухай саналууд ч мөн яригдсан. Хувьцаат компаниуд ноогдол ашгаа бага тарааж, олсон орлогоо хөрөнгө оруулалт болгон тоног төхөөрөмж, технологио шинэчилж байгаад дараа нь хязгаарлагдмал хариуцлагатай компани болж байгааг зохицуулах хэрэгтэй гэсэн шүүмж, саналууд яригдсан. Банкны салбарын хүрээнд 2000 оноос ЭЗХАХБ-ын зөвлөмжийг үндэслэн компаний засаглалын кодексийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Гэвч монголын банкууд нийтэд нээлттэй хувьцаат компани биш учраас гадаадын туршлагыг шууд хуулбарлах боломжгүй. Тиймээс зөвлөмжийн хэлбэрээр мэдээлэл өгсөн. Яваандаа банкуудын үйл ажиллагааг үнэлдэг үнэлгээний хүрээнд компанийн засаглалын асуудлыг түлхүү оруулах байр суурьтай байгаа бөгөөд энэ чиглэлээр Японы засгийн газрын хөгжлийн тусламжийн байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа талаар Монгол банкны төлөөлөгч мэдээлсэн. Дашрамд дурдахад, одоо байгаа компани, хувийн хэвшлийн бүртгэлийг илүү хялбар, зохион байгуулалттай болгож, онлайн хэлбэрээр интернэтээр бүртгэдэг болох гэж байгаа талаар албаны хүн мэдээлсэн. Компанийн засаглалын хөтөлбөр батлагдсаны дараа олон нийтэд болон компаниудад мэдээлэл сурталчилгаа, таниулга өргөнөөр хийх юм байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж