Хэлэлцээрийн эхэн амжилтгүй байлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Хэлэлцээрийн эхэн амжилтгүй байлаа

Тайландын Ерөнхий сайд Апхисита Вечачива ба сөрөг хүчний “улаан цамцтануудын” хөдөлгөөний лидерүүдийн хэлэлцээр ням гаригт гурван цаг үргэлжлээд үр дүнд хүрсэнгүй. 2006 оны цэргийн эргэлтээр засгийн эрхнээс зайлуулагдсан Ерөнхий сайд асан Таксин Чинаватын талынхан “улаан цамцтанууд” цэргийн эргэлтээс хойш тус оронд ардчиллыг бүрэн сэргээж чадаагүй гэж үзэж байгаа. Тэд парламентыг тараан Засгийн газрыг огцруулж, шинээр бүх нийтийн сонгууль явуулахыг шаардаж байна. Ням гаригийн өглөө жагсагчид Засгийн газар түр байрлаж байгаа зэвсэгт хүчний 11 дүгээр хорооны хуарангийн зүг хөдөлсөн байснаа Ерөнхий сайд тэдэнтэй шууд хэлэлцээрт орно гэсний дараа хөдөлгөөнөө зогсоосон байв. Улаан цамцтануудын лидерүүд нэг цагийн дараа хаана хэлэлцээр хийхийг тодруулж өгөх саналыг Ерөнхий сайдад гаргасан байна. Үүнд хариу өгөхгүй бол тэд маршаа үргэлжлүүлнэ гэжээ.  Ерөнхий сайд хэлэлцээрт өөрөө биечлэн орохыг зөвшөөрсөн ба хэлэлцээрийн явцад тэрээр  парламентыг тараах нь нийгмийн зөрчилдөөнийг хурцатгана, Засгийн газраа бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллах ёстой гэж байгаа юм. Хэлэлцээр ням гаригийн орон нутгийн цагаар 16:30-д эхэлж гурван цаг үргэлжлэв. Дараа нь даваа гаригийн орой хүртэл завсарлахаар болжээ. Тайландын хэвлэл Ерөнхий сайд Ветчива сөрөг хүчний гурван лидер Чатупхон Промпхан, Вира Мусикапонг ба Венг Точиракан нартай уулзсаныг “түүхэн уулзалт” гэж нэрлэжээ. Хэлэлцээрийг бүрэн хэмжээгээр нь телевизийн сувгуудаар  дамжуулсан байна. Талууд хэлэлцээрийн явцад парламентыг тараах нь зайлшгүй болсоныг зөвшөөрч байна. Тайландын парламент дөрвөн жилийн хугацаатайгаар сонгогддог ба харин Засгийн газар ч удаа солигдож болно. Харин хэлэлцээр хийгчдийн зөрөлдөөн парламентыг хэзээ тараах вэ гэдэг дээр гарч иржээ. Ерөнхий сайд Засгийн газраа заавал бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллах ёстой гэлгүйгээр харин Үндсэн хуулинд бүх засварыг оруулсаны дараа парламент огцрох ёстой гэж үзлээ. Тайланд нь 2007 оны Үндсэн хуулийг цэргийн эргэлтийн дараа хүчингүй болгосон гол хуулийн оронд гаргаж ирсэн билээ. Шинэ Үндсэн хуулийн тухайлбал, Авлигатай тэмцэх үндэсний комисс мэтийн олон нийтийн байгууллагад хамаатай зарим заалтыг өөрчлөн шинэчлэх ёстойг хэлэлцэгчид зөвшөөрч байна. Хэлэлцээрийг тэд даваа гаригийн 18 цагаас үргэлжлүүлэхээр болов. Энэ завсар Ерөнхий сайд эртнээс төлөвлөсөн Ойрхи Дорнодын айлчлалд явах гэнэ.  Хэлэлцээрт Ерөнхий сайдын саналыг авбал Үндсэн хуулийн нэмэлт засвар түүний танхимын бүрэн эрхийн хугацааг дуустал үргэлжлэх магадлалтай. Мөн энэ нөхцөлд сөрөг хүчний эсэргүүцэл хугацаагүй үргэлжилж болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж