Австралийн Гранпри буюу аваргуудын тулаан

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Австралийн Гранпри буюу аваргуудын тулаан

Австралийн Мелбурнд өнгөрсөн амралтын өдрөөр явагдсан формула нэгийн гранпри аваргуудын хувьд жинхэнэ тулаан байсан юм. Гэвч Бахрайны гранпригийн адилаар Себастиан Веттелийн азгүйтэл өөр нисгэгчид түрүүлэх боломжийг олголоо. Байрлал эзлэх уралдаанд түрүүлсэн Ред Бүлл багийн 2 нисгэгч Австралийн гранпригийн тэргүүн эгнээнд байсан бол Фернандо Алонсо, Женсон Баттон, Фелипе Масса нар удаалж байлаа. Уралдааны өмнөхөн бороо орсон нь гараа үнэхээр сонирхолтой болохыг илтгэж байсан бөгөөд эхний эргэлт дээр гэхэд л Веттелээс бусад бараг бүх нисгэгчдийн байр солигдсон байна. Гэвч Веттел Бахрайнд тэргүүлж яваад моторт гарсан асуудлаас болоод 4-т орж байсан бол энэ удаад бүр замаа дуусгаж чадахгүйд хүрчээ. Питлэйнд орсоны дараа түүний баруун урд талын дугуй чангалагч сул байснаас 25 тойргийг хийгээд замаас гарахад хүрсэнээр оноо авч чадалгүй гранприг дуусгалаа. Веттелийн багийн анд Марк Уэббэр хэдийгээр 2-оор гараанаас гарсан ч 9т орсон нь Ред Бүлл энэ уралдаанд одгүй байсны бас нэг баталгаа боллоо. Австралийн гранприд нийтдээ 10 нисгэгч ямар нэг байдлаар барианд ороогүй бөгөөд зарим нисгэгчид хүнд ослоос ямар нэгэн бэртэл гэмтэлгүй гарсан нь азтай гэмээр байлаа. Харин энэ бүх өрсөлдөөнөөс Женсон Баттон ялагч болж гарсан байна. Энэ жилээс Льюис Хэмилтоны хамтаар Маклареныг хөлөглөж байгаа Их Британы залуу нийт 1 цаг 33 мин 36 секундээр 58 тойргийг гүйцэтгэж түрүүлсэн байна. Норсон зам уралдаан эхлээд удаагүй байхад хатаж байгааг хамгийн түрүүнд ажсан Баттон эртлэн питлэйнд орж эрсдэл бүхий алхам хийсэн нь түүнийг ийнхүү ялагчийн тавцанд аваачиж 25 оноог авчирлаа. Харин багийн анд Льюс Хэмилтоны хувьд дугуйгаа гамгүй элээж байснаар 6-т орсон ч энэ амжилтандаа тэр нэлээд ундуйцаж ууртай байгаа талаар албан ёсны сайтууд дээр гарсан мэдээллүүд бататгаж байна. Шууд нэвтрүүлгийн явцад нисгэгчид нэг нэгнийгээ гүйцэж түрүүлсэн бичлэг хэтэрхий олон гарч байсан нь Гранпри ямар сонирхолтой болсоныг батлах буйзаа.
    Нисгэгчийн нэр        Баг            Оноо
1.     Женсон Баттон        Макларен        25
2.    Роберт Кубица        Рено            18
3.    Фелипе Масса        Феррари        15
4.    Фернандо Алонсо        Феррари         12
5.    Нико Росберг            Мерседес        10
6.    Льюс Хэмилтон        Макларен        8
7.    Витантонио Люци        Форс Индиа        6
8.    Рубенс Барикелло        Уиллиамс        4
9.    Марк Уэббэр            Ред Бүлл        2
10.    Михайл Шумахер        Мерседес        1
Ингэснээр зохион бүтээгчдийн цомд Феррари 70 оноо, Макларен 54, Мерседес 29 оноотой болж эхний байруудад явж байгаа бол нисгэгчдийг Фернандо Алонсо 37 оноо, Фелипе Масса 33 оноо, Женсон Баттон 31 оноотой тэргүүлцгээж байна. Формула нэгийн дараачийн гранпри 4-р сарын 4-ний өдөр Малайзад явагдана.

Б.Ялалт, Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж