Италийн загвар өмсөгч, орон нутгийн нэгэн сувагт цаг уурын мэдээ хөтлөгч Алессандра Сорчинелли (Alessandra Sorcinelli) зохион байгуулсан үдэшлэгт нь тогтмол оролцож байсныхаа төлөө ерөнхий сайд Сильвио Берлусконигаас 117 мянган евро авч байжээ гэж The Daily Mail сонин энэ сарын 24-ний дугаартаа бичжээ.
Хорин зургаан настай тэр бүсгүй ерөнхий сайдаас мөнгөн шагнал авч байсан нь сэтгүүлчдийн олж авсан банкны бичиг баримтаас тодорхой болов. Эдгээр баримтын дагуу Сорчинелли Берлусконийн “асрамжид” 2010 оноос хойш байсан ба тэрээр сар бүр 10 мянган евроны “цалинтай” байсан аж.
Үүний зэрэгцээ сэтгүүлчдэд ерөнхий сайдын туслах Жузеппе Спинеллитай (Giuseppe Spinelli) Сорчинеллийн харилцаж байсан захидлын хэсгээс олдсон байна. SMS-ээр тэр эмэгтэй ерөнхий сайдын амласан 10 мянган еврог хүлээж байна гэж бичсэн байлаа.
Ерөнхий сайд хамгийн сүүлчийн шилжүүлгээ энэ сарын 17-ны өдөр хийсэн байв. The Daily Mail сонинд тэмдэглэснээр Сорчинеллийн үйлчилгээг авахад нь ерөнхий сайдад ээлжит дуулиан нь саад болсонгүй аж.
Нэгдүгээр сарын дундуур Италийн ерөнхий сайд биеэ үнэлэлтэд насанд хүрээгүй охидыг уруу татсан гэх ээлжит дуулианаар мөрдөн байцаалтад орсон юм. Гол шалтгаан нь Мароккогоос ирсэн 17 настай бүжигчин Карима Эль-Маруг (Karima El Mahroug) буюу Руби нэрээр алдартай болсон эмэгтэйн гомдлоос болжээ. Бүсгүйг оршин суух эрх байхгүй гэж саатуулсны дараа тэрээр Италийн ерөнхий сайдтай холбоотой гэдгээ ил гаргахаар шийдсэн юм.
Алессандра Сорчинелли. Фото: manilanet.net
Эхлээд Руби мэдэгдэхдээ Берлускони түүнийг үдэшлэгтээ урьж байсан гээд нэг удаа түүнтэй сексийн харьцаанд орсон гэжээ. Хожим тэрээр ерөнхий сайдтай секс хийсэн гэдгээсээ татгалзаад харин түүний өргөөнд зохион байгуулагддаг цэнгээнд нь ирдэг байсан гэсэн байлаа. Одоо 18 хүрсэн Карима ярихдаа нэгэн удаа ерөнхийлөгч түүнд 7000 евро өгсөн гэхдээ ямар нэгэн шаардлага хариуд нь нэхээгүй гэжээ.
Тэмдэглэхэд, ерөнхий сайдыг албан тушаалаа урвуулан ашигласан гэж яллаж магадгүй. Бичиг баримгүй Эль-Маругийг сулла гэж Берлускони цагдаад утасдаад шаардсан гэж ярьж байгаа.
Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг бишэрдэг гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг ерөнхий сайд секс дуулианд нэг биш удаа орж байгаа юм. Түүнийг 2009 оны тавдугаар сард насанд хүрээгүй байсан загвар өмсөгч Ноэми Летициятай дотно харьцаанд орсон гэж сэжиглээд хэрэг нь нэг их мандаагүйгээр өнгөрсөн юм. Ер нь бол янз бүрийн хугацаанд арваад эмэгтэйчүүд Берлусконитай сексийн холбоотой байсан гэж ярин дуулиан гаргаж байлаа. Тэр нь эцсийн эцэст эхнэр Вероника Лариог нь Берлусконигаас салах шийдвэр гаргахад хүргэсэн билээ.
Энэ үеэр Ромын католик шашны удирдлага Италийн ерөнхий сайдын ёс зүйгүй араншинд дургүйцлээ гаргасан байна. Ватиканы Төрийн нарийн бичгийн дарга түшээт лам Тарзизио Бертоне, засгийн зүтгэлтнүүд ёс суртахууны эрүүл саруул амьдралтай байх ёстой гэж хэлсэн байна. “Нийгэмд хариуцлагатай тушаал эзэлж байгаа хүмүүс илүү их ёс суртахуун хэм хэмжээг барин шударга ёс ба хуулиа дээдлэх ёстой” гэж түшээт лам хэлжээ. Берлусконийн хэргийг Ватикан “машид анхааралтайгаар, түгшүүртэйгээр” ажиглаж, ерөнхийлөгч Жоржио Наполитаногийн хэлсэн түгшүүрийг хуваалцаж байна гэдээ ламтан мэдэгдсэн байна. Хэрэв католик шашин Берлусконийг буруутгах юм бол түүний карьер нэг мөр төгсөх юм.
Италийн ерөнхийлөгч Наполитано пүрэв гаригт хэлэхдээ нийгмийн зүтгэлтнүүдээс өнөөгийн цаг үе “эрүүл саруул ухаан, хариуцлага” шаардаж байгаа гэсэн юм. Тэрээр ерөнхий сайдад хандан мөрдөн байцаалтыг хурдан дуусгах, прокуророос “зугтахгүй байхыг” уриалжээ. Ерөнхийлөгчийн үг нь ерөнхий сайд телевизээр 10 минутын турш сэтгэлийн хөөрөлтэй хэлсэн үгийн дараа сонсогджээ. Берлускони мөрдөн байцаалт нь Үндсэн хуулийг зөрчсөн дэгийн алдаатай гэсэн байлаа.