Алан хядагчийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Алан хядагчийг хайж байна

Холбооны аюулгүй алба 24-ний шөнө Москвагийн бүсэд амиа золиослогчийг хайсан ба энэ талаар өмнө нь мэдээлэлтэй байжээ. Гэхдээ алан хядагчийг  “Домодедово” буудалд биш Зеленоград хотод хайсан  гэнэ.

Домодедово нисэх буудалд дэлбэрсэн  бөмбөгийн хүч нь 10 орчим кг тротилийн хэмжээнд байсан тухай хүчний байгууллагынхан мэдээлж байна. Бөмбөг  хадаас, шарик, эрэг боолт зэрэг хөнөөх элементээр цэнэглэгдсэн байжээ. Дэлбэрэлтийг террор гэж албан ёсоор тооцсон ба амиа золиослогч түүнийг үйлдсэн гэжээ.

Хэргийн газраас амиа золиослогчийн гэх толгойг олсон гэнэ. Толгой кавказ хүнийх байсан аж. Тиймээс энэ хэрэг Кавказын хууль бус зэвсэгт бүлэгллийнхэнтэй холбоотой гэж үзэв. Хууль хяналтынхан энэ хэргийн сэжиглэн гурван эрэгтэй, нэг эмэгтэйг хайж байна.  Хамгийн сүүлийн мэдээгээр хүмүүс голдуу хөлдөө шархадсан учраас тэсрэх төхөөрөмжийг шалан дээр тавин үлдээсэн байж магадгүй гэх таамаг дэвшүүлээд байна.

Оросын Мөрдөн байцаах товчоо “20 гаруй хүн амиа алдсан” гэж мэдээлсэн байв. Харин Эрүүл мэндийн яамны мэдээгээр 35 хүн амиа алдаж, 130 хүн хэлмэгдсэн байна.

«Домодедово» нисэх буудлын  «Азия» кафены ойролцоох нийтийн бүсэд дэлбэрэлт болжээ. Гэрч нар ачаа өгөх бүсээс хоёр шархадсан хүнийг гаргасан гэнэ. Нисэхийн ажилтан хичнээн хүн хэлмэгдсэн талаар мэдээлсэнгүй. Өөр нэг гэрч ачаа өгөх цэгт утаа гарч хиншүү үнэртэж байна гэжээ. Тиймээс зорчигчдыг тусгай хаалгуудаар гаргаж байсан гэнэ.

Хоёр дэлбэрэлт

«Русской службе новостей» радиод нэгэн сонсогч утасдан тэнд байснаа ярихдаа “Хүмүүсийг танхимаас зөөн гарах хаалганы хавьд тавьж байлаа. Голдуу үе мөчөө тасдуулсан, урагдсан шархтай байна. Нисэх буудал тэр чигтээ утаанд автсан” гэжээ. Өөр нэг гэрч тэнд хоёр удаа дэлбэрэлт гарсан гэж байлаа. Паспортаа шалгуулаад гарч ирэхэд нисэх буудлынхан юм болоогүй царай гарган амгалан тайван байхыг бидэнд хэлж байлаа хэмээн тэр эмэгтэй ярив. Оросын Мөрдөн байцаах комисс 24-ний өдрийн орон нутгийн цагаар 16:32-д олон  улсын нислэгийн танхимд дэлбэрэлт болсон гэж мэдээлж байна. Одоо тэнд мөрдөн байцаах хэсэг ажиллаж байна.  “Аллага” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Нисэх буудалд түргэний 60 тэрэг ирэн шархдагсдыг эмнэлгүүдэд зөөсөн байна. Нийт жар гаруй хүнийг эмнэлэгт авчирчээ. Шархдагсдаас 20-иод хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. Хүмүүс цахим шуудангаар захидал бичин хохирогчдын тоог бууруулж байна гэж албаны хүмүүсийн мэдээллийг үгүйсгэж байгаа гэнэ.  Амь үрэгдэгсдийн дунд гадаадын долоон иргэн байна. Оросын бүх нисэх буудлуудад аюулгүйн арга хэмжээг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ.  Холбооны аюулгүй алба 24-ний шөнө Москвагийн бүсэд амиа золиослогчийг хайсан ба энэ талаар өмнө нь мэдээлэлтэй байжээ. Гэхдээ алан хядагчийг  “Домодедово” буудалд биш Зеленоград хотод хайсан  гэнэ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж