Москва нулимсанд дургүй

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Москва нулимсанд дургүй

Оросын нийслэлд дахиад л нийтийн тээврийг онилсон ээлжит дайралт болж албан мэдээнд дурдагдсанаар бол 35 хүн хорвоог орхижээ. Цаана нь зуу гаруй хүн бөмбөгний дэлбэрэлтээр шидэгдсэн төмөр биетүүдэд өртөж хүнд хөнгөн шархандаа шаналан байгаа. Дөрвөн ч хүний биеийн байдал үхэл амьдралын зааг дээр байгаа гэнэ. Урьдчилсан мэдээллээр бол амь үрэгдсэн хүмүүсийн 6 нь гадаадын иргэд байжээ. Тэдгээрийн дотор Их Британийн хоёр, Герман зэрэг Европын холбооны иргэд болон Молдав улсын иргэн оржээ. Москвагийн шүүх эмнэлгийн удирдлагаас нас барсан хүмүүсийг таньж  мэдсэн даруйдаа мэдээллийг нь  зарлана гэдгээ амлаад байгаа бөгөөд  шархадсан иргэдийн нэрийн жагсаалтыг ч оросын сайтуудад гаргаж эхэлсэн байлаа. Одоогоор хэн болох нь танигдаагүй олон арван хүн байгаа гэдгийг ч холбогдох байгууллагаас анхааруулжээ.Нийт дэлбэрэлтэд өртөн шархадсан 90 гаран хүний нэрсийг өнөөдрийн байдлаар сайтад байрлуулсны дотор ОХУ-ын харъяат бус хэдхэн хүний нэр оржээ. Харин монгол хүний нэр байхгүй байв.
Алан хядлагын “онилгоо”

Сүүлийн долоон жилийн дотор Москвагийн олон улсын нислэгийн томоохон буудал болох Домодедовод хоёр дахь удаагаа террористууд аллага үйлдэж байгаа нь энэ. Өмнө нь тус буудлаас хөөрсөн хоёр ч онгоцонд амиа золиослогч алан хядагчид бөмбөг дэлбэлэн 89 хүний аминд хүрч байсан гашуун түүх бий.Өнгөрсөн жил гэхэд л нийтдээ 22 сая хүн тус нисэх онгоцны буудлаар үйлчлүүлсэн байдаг. Домодедовод дэлхийн болон Оросын 77 авиакомпанийн байнгын нислэг  үйлдэгдэж байдаг бөгөөд олон улсын болон дотоодын 271 агаарын замын дайран өнгөрөх цэг болж байгаа юм. Энэ нэр хүнд нь долоон жилийн өмнөх аймшигт явдлын дараа ч алдагдаагүй байсан  ч энэ үйл явдлын дараа юу болохыг таахад бэрх. Оросын талаас тус нисэх буудлыг аюулгүй байдлыг хангах орчин үеийн хамгийн шилдэг системээр бүрэн тоноглогдсон хамгийн найдвартай үйл ажиллагаатай хэмээн сурталчилж байсан нь ийнхүү талаар болов. Сүүлийн үед дараалан гарах болсон энэхүү аллагын онилгоо нь үйлчлүүлэгчдийн тоо хэмжээ, үйлчилгээний цар хүрээгээрээ дэлхийд алдартай Москвагийн нийтийн тээврийн буудлуудыг чиглэн хийгдэж удаа дараа хүний амь үрэгдсэн нь хоёр зүйлийг тодорхой болголоо гэж зарим оросын болон гадаадын мэдээллийн хэрэгслүүд онцолжээ. Үүнд нэгдүгээрт, террористууд үйл ажиллагаагаа илрэх магадлал бага бөгөөд хохирол их байх боломжтой нийтийн тээврийн үйлчилгээг барьж хийх “партизаны” дайнд шилжэж байгааг харуулж байгаа гэнэ. Хоёрдугаарт, удаа дараа хохирол амссаар байгаа боловч Оросын эрх баригчид алан хядагчдын үйл ажиллагааг хянах чадваргүй байгааг илтгэсэн явдал боллоо гэж дүгнэж байна.

Оросын бухимдал

“Бид чинь одоо хаана байгаа юм бэ?” гэж гадаадынханд ярилцлага өгсөн Москвагийн бизнесмэн залуу бухимдлаа илэрхийлэв. Тэрээр “Би байнга л ийш тийшээ нисэж байдаг. Одоо ийм байхад яаж тайван амьдрах вэ. Эх орондоо тайван амьдарч чадахгүй нь гээд бодоод үз дээ.Одоо яах ёстойг мэдэх хүн байна уу” гэж тэр уурлах,харуусах хоёрыг хослуулан ярьж байв. Мэдээж Орос орон даяар гашуудаж байгаа ч үүнээс илүүтэй иргэд нь бухимдаж , уурсаж байгаа бололтой. Ойр ойрхон дараалж гараад байгаа алан хядлагад өртсөн иргэдийх нь тоо олон зуугаар яригдах болж байгаа ч  тэдний аюулгүй байдлыг  хангахад чиглэсэн Оросын эрх баригчдын олон амлалт цаасан дээр л үлдэж байгаад оросууд эгдүүцэж байгаагаа нуухгүй байна. Зөвхөн Оросын хэвлэл мэдээллээр хатуу ширүүн шүүмж  гараад зогссонгүй ВВС зэрэг дэлхийн хэмжээний агентлагуудын мэдээлэлд ч ийм өнгө аяс бүхий орос иргэдийн ярилцага, сэтгэгдэл олноор гарч байгаа юм. Гэхдээ асуудал зөвхөн Оросын дотоод асуудал болж үлдэхээсээ илүүтэй дэлхий нийтийг цочроосон ялангуяа жирийн иргэдийн зүгээс улс орнууд нь терроризмтай хийж байгаа тэмцэлд эргэлзэж эргэн харахад хүргэсэн “резонанс” үүсгэж байгаа юм. Улстөрчид ч үүнд ташуур өгч байгааг тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал үйл явдлын талаар тайлбар хийсэн  ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ Дэлхий дээрхи нэг ч орон терроризмын аюулаас чөлөөлөгдөж чадаагүй байна. Бас бидний хэн нь ч зуун хувийн аюулгүй байдлыг амлаж чадахгүй” гэж хэлжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев болсон үйл явдалд Домодедово нисэх буудлын захиргаа хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн байна. Тэрээр тус нисэх буудлын захиргаа аюулгүй байдлын хэв хэмжээг илэрхий зөрчсөн гэж дүгнэжээ. Москва хотын захирагч Себянин захирамж гаргаж амь үрэгдсэн иргэдийн гэр бүлд тус бүр нь хоёр сая рубль буюу 67 мянган ам.доллартай тэнцэх мөнгөн тусламж үзүүлэхээр болсноо зарлажээ. Харин хүнд гэмтэл шарх авсан иргэдэд 1.5 сая, өртөж гэмтсэн хүмүүст нэг хүртэл сая рублийн мөнгийг олгох аж. Гэхдээ Оросын өнөөгийн засаглалын хохирол үүгээр дуусахгүй бололтой. Болсон үйл явдалтай холбоотойгоор олон улсын нэр хүнд бүхий байгуулагуудын дунд ОХУ-ын нэр хүнд унах магадлал бий болж байгааг гадаадын сайтуудад дурдах болов. Орост зохион байгуулахаар нэгэнт шийдээд байсан  Сочи-2014 Өвлийн олимпийн тоглолт, 2018 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргын тоглолтуудыг аюулгүй нөхцөлд явуулах боломжид ОУОХ болон ФИФА-ийн удирдлагууд эргэлзэж эхэлсэн тухай мэдээлж байгаа аж.

Эмгэнэлт хэргээс сэргийлэх боломж байсан уу

Оросын эрх баригчдыг энэ эмгэнэлт үйл явдалд хариуцлага хүлээх үндэслэл байгаа гэж үзэж байгаа нь ийнхүү олон нийтийн бухимдалд хүргэж байгаа аж. Оросын РИА новости агентлаг тухайлан яг энэ нисэх буудалд аллага үйлдэхээр зэхэж байгаа тухай мэдээлэл долоо хоногийн өмнө хүчний байгууллагад очсон байсан гэж анхлан мэдээлэв. Энэ мэдээллийг Домодедово нисэх буудалд саатсан зарим зорчигчдын яриа ч баталж байгаа гэнэ. Тэдний ярьж байгаагаар бол дэлбэрэлт болохоос өмнөхөн урьд нь хэзээ ч хийгдэж байгаагүй гэнэтийн шалгалтыг тээшээ авахаар зогсож байсан зорчигчдын дунд хамгаалалтын албаныхан хийж эхэлсэн гэнэ. Эндээс үзэхэд сэрэмжлүүлэг хүрсэн байх магадлалтай бөгөөд харин хүчний байгууллагын удирдлагууд няцааж байгаа нь ердөө л өөрсдийгөө цагаатгах гэсэн оролдлого хэмээн олон нийт шүүмжилж байгаа юм. Мөн хэрэг явдал болохоос хэдхэн долоо хоногийн өмнө буюу энэ сарын эхээр ОХУ-ын Волгоград хотод Умард Кавказ гаралтай Суюнова хэмээх эмэгтэйг баривчилсан байна. Түүний Москва дахь түрээсийн байранд шинэ оны өмнөхөн долоон кг тэсрэх бодис дэлбэрсний улмаас нэгэн эмэгтэй амь үрэгдсэн байсныг олсон аж. Тэр эмэгтэйн нөхөр нь дээрмийн бүлэг байгуулахыг завдсан хэргээр шоронд хоригдож байсан бөгөөд эхнэр нь өшөө авахаар террорист халдлага үйлдэхийг завдаж байж гэсэн таамаглал дэвшүүлж байжээ. Гэвч  дээрх баривчалгаа үр дүнгээ өгсөнгүй, харин одоо л баривчилсан эмэгтэйг нисэх буудалд болсон аллагатай холбон сэжигтнээр татаж байгаа аж. Домодедевад тэсэлсэн бөмбөгний жин болоод хийц үндсэндээ Суюнова хэмээх эмэгтэйн түрээсийн байроанд дэлбэрсэнтэй ижил байсныг үзвэл энэ хэргийг зохион байгуулсан этгээдүүдийн мөрөөр амжиж орох боломж байсан бололтой.   

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон ОХУ-ын удирдлагуудад эмгэнэл илэрхийлэхдээ “ Террористуудад баяраа тэмдэглэх боломж олгохгүй юм шүү” гэж хэлсэн байна. Энэ мэтчилэн гадаад улс орнуудын удирдагч нар болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн бүх орны тэргүүн нар Дмитрий Медведевт эмгэнэл илэрхийлэхийн сацуу терроризмын эсрэг үйлсэд эв санааны нэгдэлтэй байгаагаа ч бас илэрхийлж байгаа юм. Харин энэ бүх эв нэгдэл терроризмын аюулыг хэрхэн зогсоож чадах нь вэ гэдгийг бодит ажил хэргээс харахыг л жирийн орос иргэд хүлээж байгаа бололтой. Учир нь зөвхөн Москва ч биш ер нь л оросууд “нулимсанд итгэдэггүй” , бэрхшээлийн өмнө “нялхарч” өрөвдүүлэх дургүй хүмүүс билээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж