Австралийн гараа Баттоных боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Австралийн гараа Баттоных боллоо

“Формула-1”-ийн улирлын хоёр дахь гараа болох Австралийн гран-при уралдаан өчигдөр Мельбурнд болж өнгөрлөө. Бороо орж байсан учир зам хальтиргаа ихтэй, үүний улмаас осол аваар нэг удаа гарсан. Харин энэ гараанд өнгөрсөн жилийн аварга Женсон Баттон түрүүлсэн байна. Уралдааны өмнөх туршилтын гараанд түрүүлж, тэргүүн эгнээнээс гарч уралдсан “Red Bull” багийн Себастьян Веттель уралдааны дунд үе хүртэлх тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан боловч машины тормозонд нь асуудал үүсч, улмаар Баттон түүнийг ардаа орхижээ. Харин хоёрдугаар байрт “Renault” багийн Роберт Кубика орсон бөгөөд түүний араас “Ferrari”-гийн Фелипе Масса, Фернандо Алонсо нар хурдалсан байна. Баттоны багийн хамтрагч Льюис Хэмильтон дөрөвдүгээрт уралдаж байсан ч “Red Bull”-ын Марк Веббертэй мөргөлдөн хугацаа алдаж, улмаар зургадугаарт барианд орсон юм.
“Формула-1”-ийн шинэ улирлын эхний хоёр гарааны дараах байдлаар “Ferrari”-гийн нисгэгчид ерөнхий дүнгээр тэргүүлж байгаа ба тодруулбал, Алонсо 37 оноотой жагсаалтыг манлайлж, харин Масса дөрвөн оноогоор хоцорч, хоёрдугаарт жагсаад байна. Австралийн гран-прид түрүүлсэн Баттоны хувьд 31 оноотой гуравдугаарт бичигдлээ. Тэмцээний дараачийн гараа дөрөвдүгээр сарын 4-нд Малайзад болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж